2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалт боллоо. Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр болон салбарын шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулсан.
Түүний танилцуулснаар хийсэн судалгаанд цэцэрлэгийн насны гурван хүүхдийн нэг нь ярихаа больсон байна. Зарим хүүхэд хэл ярианы согогтой, цөөн үгээр ярьдаг болсон бөгөөд эцэг эх, багштайгаа харилцахаа больсон асуудал ажиглагджээ.
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хугацаа нэг жилээр нэмэгдэхэд математикийн хичээлийн гүйцэтгэл 40 оноогоор, унших чадвар болон байгалийн ухааны чадвар 10 оноогоор өсдөг гэж танилцуулсан. Гурваас дээш жил хамрагдсан хүүхдийн эдгээр чадвар бусад хүүхдийнхээс 30-40 оноогоор илүү болдог байна.
2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж, алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээ хүргэнэ. Мөн 2-5 насны нийт хүүхдийн 98 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилт тавьжээ.
Бодлогын хүрээнд гэрийн даалгаврыг 10 минутын дүрэмд нийцүүлэхээр төлөвлөсөн байна. Нэгдүгээр ангийн эхний дөрвөн долоо хоногт сурагчдыг шинэ орчинд аажмаар дасан зохицуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Мөн мэргэжлийн болон техникийн боловсролд суралцагчдын тоог 40 хувиар нэмэгдүүлж, жишиг хөтөлбөрийн 80 хувийг ажил мэргэжлийн стандартад нийцүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээ 2026-2028 онд хэрэгжих юм.







Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.