УИХ-ын дарга М.Энхболд Архангай аймагт ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд дагалдан ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.05/ Архангай аймагт ажиллаж байна.
Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авсан юм. Төлөөлөгчид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Т.Ганбямба танилцууллаа. Тус эмнэлэг 14 тасаг нэгжтэй, амбулторийн эмчилгээ, үйлчилгээг жилд дунджаар 89000 гаруй иргэн авдаг бол нийт 224 ортой хэвтэн эмчлүүлэх тасгуудад жилдээ 9280 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Архангай аймагт 2014 онд оношлогооны төв байгуулсан байна. БНХАУ-ын дэмжлэгээр "Цахим эрүүл мэнд” төсөл 2015 оноос тодорхой үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд тус эмнэлэгт зарим техник хэрэгслийг суурилуулж байгаа аж. Мөн Эрүүл мэнд, спортын яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цусны салбар банкны тоног төхөөрөмж шинэчлэгдсэн байна.









