Дональд Трамп авлигатай тэмцэх ажлыг сулруулж байна

Гадаадын төрийн албан хаагчийг хахуульдахын эсрэг хуулийг баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш 40 гаруй жил болжээ. Анх 1978 онд уг хуулийг баталснаар үндэстэн дамжсан корпорациудын авлига, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх ажилд АНУ нь тэргүүн эгнээд явав. Гэтэл Трамп Ерөнхийлөгчийн албыг хаших болсон дөрвөн долоо хоногийн хугацаанд дөчин жилийн хүчин чармайлтыг үгүй болгож байна. Конгрессын дээд, доод танхим АНУ-ын газрын тос, байгалийн хий болон уул, уурхай компаниудын гадаадын засгийн газарт төлсөн ашиглалтын зөвшөөрөл, татвар бусад төлбөрийг ил болгох хуулийн эсрэг санал өгсөн юм. Уг хуулийг Ардчилсан намаас сонгогдсон сенатор Бен Кардин болон Бүгд найрамдах намаас сонгогдсон гишүүн асан Ричард Лугар нар санаачлан 2010 онд нэмэлт, өөрчлөлт орж Додд-Франк-ын хууль хэмээн нэрлэгдэх болсон аж. Уг хууль нь санхүүгийн хямралын дараахь Вол стрийт-ийг цэвэрлэх зорилготой байсан. Хуулийн дагуу эрчим хүч, уул уурхай компаниудын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Үнэт цаасны хороо дагаж мөрдөх журмуудыг чангатгасан юм. Томоохон газрын тосны компаниуд анхнаасаа уг хуулийн эсрэг байсан. Газрын тосны компаниуд шүүхэд зарга үүсгэснээр хуулийг хэрэгжүүлэх хугацааг саатуулж, жил бүр дэлгэрэнгүй тайлан гаргах асуудлыг 2019 он хүртэл хоошлуулж дөнгөсөн. АНУ-ын хил, гаалийн дүрэм, журам олон, татвар хэт өндөр зэрэг нь бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор учруулж байна хэмээн шинэ Ерөнхийлөгч үздэг. Газрын тос, байгалийн хий олборлодог компаниудын өрсөлдөх чадварыг бууруулж, бизнесийн өртгийг нэмэдүүлдэг, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болох зэрэгт сөргөөр нөлөөлж байна хэмээн уг хуулийг шүүмжилдэг.



