Хайрыг мэдрэхүй

734
 
 
Дөрөөн чимээгээр аавыгаа тосон гүйдэг
Балчир үеийг минь бөөцийлж
Дөлгөөн зантай ээжийн минь
Бүүвэйн дууг санагдуулж
Дөрвөөр ээлжлэх улирал нь
Амьдралын өнгийг ухааруулж
Түвшин сайхны мэдрэмжийг
Өөрт минь өгдөг нутаг

 

Наран сарны ивээлд багтах минь жаргал

Намайг гэсэн бүгдийг хайрлах минь үүрэг

Нандин жаргалыг мэдэрч ухаарах минь буян

Нас насныхаа давааг туулах минь заяа

 

Салхины зөөлөн сэвшээ нь гуниг үргээсэн газар

Сайхан залуу ээж минь намайг тоссон болохоор

Сая буман газрын алсаас ч

Саруул нутагтайгаа би хүйн холбоотой.

 

Өглөө болгоны наранд цацлаа өргөж

Өгөөмөр гэгчийн утгыг ээж минь ярьдаг байжээ

Өөдөө өөдөө гэж шившин байж

Өөрийн минь замыг тэргэлшүүлдэг л байжээ

 

Ханцуйдаа залбирсан хатан ээжийн минь ухаан

Хаа холын газраас аргамжсан

Хайрын торгон мэдрэмж билүү

Ханаж амьдрахын жаргалыг дандаа мэдрүүлсэн

Хан хорвоогийн хамгийн үндсэн хичээл билүү

 

Борооны чимээ чагнаж бодол ариусах хөдөө

Буянаа надад юүлсэн аав минь

Бурхансаг явахыг заасан болохоор

Буурал хорвоод би буруудах нь үгүй алхана

Буруу зөв нь ихэрлэсэн юм шиг орчлонгийн

Болох болохгүйн дансан дээр

Бодол төөрөгдөхгүй явахын ухааныг

Буянтай аав минь надад өгсөн байжээ

 

Хан түшигтэй тэнгэрлэг аавын минь ухаа

Хаа явсан ч нөмөр болох нь сайхан

Ханагар орчлонгийнхоо түмэн бодисыг

Хайраар энэрэхийг заасан нь бүр ч сайхан аа

 

Хаялах цасных нь ширхэг бүхэн

Хамаг орчлонг арилах мэт

Хан аав хатан ээжийн баян ухаан

Харгуй замыг минь гэрэлтүүлснээр

Хаа явсан ч би

Хайрыг мэдэрч жаргана аа

 

Бурхны зарлигтай нутгийн буян

Босох унахыг минь хүртэл тогтоосон болохоор

Будлихын завгүй зөв явна

Бухимдахын чөлөөгүй гэгээн алхана

 

Нутаг эзэн хоёрын амин холбоо

Нартын жамыг надад ухааруулна

Насаараа суусан ч уйдмааргүй

Нутгийнхаа бор толгодод сүжиглэх би дуртай

 

Дөрөөн чимээгээр ааваа тосон гүйдэг

Балчир үеийг минь бөөцийлж

Дөлгөөн зантай ээжийн минь

Бүүвэйн дууг санагдуулж

Дөрвөөр ээлжлэх улирал нь

Амьдралын өнгийг ухааруулж

Төвшин сайхны мэдрэмжийг

Өөрт минь өгдөг нутгийнхаа

Байгаа бүхнийг тэр л хэвээр нь хайрлах

Байгалиас надад өгсөн их ухаан билүү

Байдаг бүхнээрээ намайг дандаа ивээх нь

Байхгүйг минь хүртэл дүүргэсэн

Хайрын баян мэдрэмж билүү

 

Зохиогч: Шүрэнчимэг
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: Шилийнголын сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>