НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛ БУЮУ ШИНЭ МӨРӨӨДӨЛ
Уг нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны тушаалаар "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Журамд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн болон купонытөлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтөөс сард 34-40 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Нэг үгээр энэ эх үүсвэрээр сар бүр орон сууцны ипотекийн санхүүжилтийг олгож байгаа гэсэн үг.
Гэсэн ч найман хувийн зээлд хамрагдаж, орон сууцтай болохыг хүссэн иргэд банкуудад өргөдлөө хүргүүлж байгаа ч хэсэг хугацааны дараа "шаардлага хангахгүй” гэсэн тайлбараар буцах нь жирийн үзэгдэл. Ихэнх банкууд найман хувийн зээл олгож байгаа гэх албан мэдээлэл гарч байгаа ч банкуудын эдийн засагчид өөр тайлбар өгдөг. Тэд тодорхой тооны хязгаар юм уу, хугацааны дараа иргэн таны зээл хүссэн өргөдлийг хүлээж авна гэдгээ маш эелдгээр дуулгадаг. Уг нь тоо баримтуудад ипотекийн зээл хамгийн өндөр төлөлттэй байдаг ч зээл хумигдаж, иргэд хүлээлтийн байдалд шилжээд байна. Нэг үгээр 30 хувиа бүрдүүлсэн, зээлээ төлөх чадамжтай иргэний хүсэл нь найман хувийн зээл болоод удаж байна.




