АТГ-ын шинэ дарга хэн бэ....

1380

АТГ-ын шинэ дарга хэн бэ....АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа билээ. Түүнийг ирэх УИХ-ын хаврын чуулганаар албан тушаалаас нь чөлөөлж, шинэ даргыг нь томилох юм. Монгол Улсын одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмынхаа дагуу бол АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ хэлэлцэн батлах учиртай. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад генерал Б.Билэгт, хуульч Д.Дорлигжав нарын нэгийг нэр дэвшүүлэх өндөр магадлалтай байгаа гэнэ. 

Б.Билэгт гэж хэн бэ...

Баянмөнхийн Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь, "Сонсголон” элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогч, Монголын Ардчилсан холбоо, "Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Б.Билэгт төрийн албанд 20 шахам жил ажилласан,  Бригадын генерал. 2012 онд тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон юм. Харин удалгүй түүнийг тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн  хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байлаа. Гэвч тэрбээр 2015 онд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргаар очсон юм. Гэхдээ тэрбээр ШШГЕГ-ын дарга болохоосоо өмнөхөн ЦЕГ-ын даргын албан тушаалд нь эргүүлэн томилогдох шүүхийн захирамжийг хүлээж авч байсан удаатай. Тодруулбал, тэрбээр өөрийг нь амралттай байх хугацаанд нь албан тушаалаас нь буулгасан хэмээн шүүхэд гомдол гаргасан нь түүний талд шийдвэрлэгдэж байсан юм. Тэгээд албан тушаалдаа эргэн очих яг тэр цаг үед нь түүнийг  ШШГЕГ-ын даргын албан тушаалд томилж байлаа.  

Б.Билэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой идэр есийн хүйтэнд хамт жагсаж, хувьсгал хийж явсан "алтан хараацай”-нуудын нэг юм. Түүнийг хүмүүс "сахал”, "боевик” зэрэг хочоор нь сайн мэддэг. Залуудаа асуудлыг алганы амтаар шийдчих гээд байдаг байснаас "боевик” хоч хүртсэн гэдэг. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө Их тэнгэр цогцолборт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт агсам тавьсан хэмээх дуулиан нь нэг хэсэг олны анхаарлыг татаж байсан юм. Б.Билэгтийг хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг нэгэн гэдэг. С.Зориг агсныг аймшигтайгаар хороосны дараа болсон нэгэн цуглаан дээр Б. Билэгт МоАХ-ны удирдагчийн байр сууринаас "До.Ганболд, М.Энхсайхан тэргvvтэй манай намын нөхөд талийгаачийн vхэлд буруутай” хэмээн мэдэгдэж байсан гэдэг. Түүнчлэн нэг үе Ардчилсан холбоо эвслийг тагнаж, чагнаж байсан хэрэгт унаж байгаагүй дуулиан дэгдээгээд авсан. Түүнчлэн нэгэнтээ Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай маргалдаж "Чи Хувьсгалт намд тал олох гэж гүйдэг. Намаасаа хүртэл нүүр буруулж, бие даан нэр дэвшиж байсан” хэмээснээс тэр хоёрын маргаан зодооноор дууссан гэдэг. 

Д.Дорлигжав гэж хэн бэ...

Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Хуульч, мал зүйч мэргэжилтэй. Малын эмчээр ажиллаж байсан. Засгийн газрын шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий  захирал АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн  дарга, Монгол улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан. Тэрбээр УИХ-д 2 удаа өрсөлдөж, өвдөг шороодож байсан. Ардчиллын ач буянаар улстөрд хөл тавьсан Д.Дорлигжав дөнгөж 30 настай УБХ-ын гишүүн, улмаар Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт шадар сайд болж байсан түүхтэй. 

Д.Дорлигжав "Эрдэнэт”-ийн захирлаар томилогдоод бөөн дуулиан шуугианы эзэн болж байсныг олон хүн санаж байгаа болов уу. 2002 оны тавдугаар сарын 9-нд УИХ нэгдсэн чуулганаараа зөвхөн нэг асуудлыг бүтэн өдөржин хэлэлцсэн байдаг. Тусгайлан цаг гаргаж хэлэлцсэн асуудал нь УИХ-ын Ажлын хэсгээс Эрдэнэт үйлдвэрт хийсэн санхүүгийн шалгалтын тайлан, дүгнэлт. 1999 оны аравдугаар сарын 18-27-нд "Эрдэнэт" үйлдвэр болон ОХУ-ын Аиес, Бурядын "Энергострой” компаниуд хэлэлцээ хийж, протоколын дагуу хамтран ажиллах байгуулсан юм байж. Гэтэл "Энергострой” болон Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн хооронд цахилгаан эрчим хүч бэлтгэн нийлүүлэх гэрээнд сууж зуучлагчийн хувьд огт оролцоогүй Киприйн "Травнейттрейдинг” гэдэг компани гэв гэнэт хөндлөнгөөс орж ирээд 800 мянган ам.доллар аваад арилсан нь тухайн үед шуугиан тарьж байлаа.  Тус компанитай Д.Дорлигжав гэрээ байгуулсан байдаг. Тэдний байгуулсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэр "Травнейттрейдинг”-д 1999 оны аравдугаар сарын 15-нд нэг сая ам.доллар нийлүүлэх ёстой байсан ч Д.Дорлигжав 1999 оны 10 сарын 29 болон арван нэгдүгээр сарын 7-нд их хэмжээний мөнгө хоёр хуваан шилжүүлснийг УИХ-ын Ажлын хэсэг тогтоосон байдаг. Түүнээс гадна 2014 оны 12 дугаар сарын 3-нд  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин  4 сая ам.долларын баримт дэлгэж "Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” хэмээн жиргэж байв. Тус жиргээ хэнд хамаатай болох нь тодорхой биш байхад Хуульзүйн сайд Д.Дорлигжав би ямар ч буруугүй хэмээн мэдээлэл хийж, түүнийг хаацайлж олон хүн ар араасаа мэдээлэл хийж байв. Тухайн үед энэ хэргийн мөрөөр АТГ Д.Дорлигжавыг шалгаж байсан юм. Д.Дорлигжав хэмээх эрхэмийн намтар нэг иймэрхүү.

Ийн төрийн албаны арвин баялаг намтартай хоёр эрхмийг Төрийн тэргүүн санал болгох, эсэх нь одоогоор баттай бус байна. 

Photonews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>