Дэлхийн аваргын сүр дуулиан ба нөхөн сонгуулийн чимээ

780

 

Дэлхийн аваргын сүр дуулиан ба нөхөн сонгуулийн чимээ

 

Өнгөрөгч долоо хоног дэлхий дахинаа болон монголд томоохон үйл явдлууд болж өнгөрч байна. Дэлхий дахинаа дөрвөн жил хүлээсэн "Хөл бөмбөгийн ДАШТ-2018" ОХУ-д эхэллээ. Үүнээс гадна дэлхийн том гүрэн АНУ-гийн ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт дэлхий дахины анхаарлын төвд болж өнгөрсөн юм. 

АНУ, Хойд Солонгосын удирдагчдын анхны түүхэн уулзалт

АНУ, Хойд Солонгосын удирдагчдын анхны түүхэн уулзалт энэ сарын 12-ны өглөөний 9:00 цагт (Улаанбаатарын цагаар) Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд эхэлсэн билээ.

 1950-1953 онд болж байсан Солонгосын дайнаас хойш энэ хоёр орны удирдагчид нүүр тулан уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй юм. 

Олон жилийн дайсагналын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар анх удаа гар барин мэндчилсэн билээ.

Уулзалтын үр дүнд Солонгосын хойгт "дайн хийж тоглох”-оо зогсоохыг Дональд Трамп амласан юм.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болов

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотноо болж өндөрлөв. Зохион байгуулагч орны төрийн тэргүүн Ши Жиньпин хурлыг даргалж, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан, Энэтхэг, Пакистан зэрэг орны удирдагчид оролцсон байна.

Энэ удаагийн уулзалтын нэг онцлог гэвэл  ШХАБ-ын гишүүн найман орны удирдагч хэлэлцээр хийсний дараа ажиглагч орнуудын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын албан тушаалтнуудтай өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулсан юм.

ЗхЗ сагсан бөмбөгийн ДАШТ-ийн түүхэнд Монгол нэрээ мөнхлөв

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулсан 3х3 ДАШТ Филиппин улсын Манила хотод болж өндөрлөсөн билээ

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцсоноос Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай "С” хэсэгт багтсан.

"FIBA 3x3” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай шигшээ баг ОХУ, Филиппин, Бразил улсын багийг хожин хэсгээсээ шалгарч, улмаар хасагдах шатанд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж, Монгол гэсэн нэрийг Дэлхийн 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа гаргасан юм.

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргав

Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж буй ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавив. 

Тэднийг АТГ-аас "Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм. 

Улмаар хоёр сар гаруйн хугацаанд цагдан хорьж, улмаар прокурорын байгууллагаас батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн юм. Улмаар шүүх хэлэлцэж, батлан даалтад гаргав. 

Хүүхдийн паркийн "Сансарын хөлөг" тоглоом нурж, дөрвөн хүүхэд бэртэв

 "Сансрын хөлөг” тоглоом ажиллаж байх үедээ хугарч, хүүхдүүд бэртсэн хэрэг гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж урьдчилсан байдлаар хугарсан тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэх дүгнэлтийг гаргасан байна.

Харин дотор нь байсан хүүхдүүдийн тухайд, гурван хүүхэд нь зөөлөн эдийн гэмтэлтэй, нэг хүүхэд нь биеийн байдал нь зовиуртай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлөв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Уг хүсэлтийг МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнээр ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлсөн юм.

Хөлбөмбөгийн ДАШТ 2018 ОХУ-д эхлэв

22 дахь удаагийн Хөл бөмбөгийн "ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын "Лужники” цэнгэлдэх хүрээлэнд  энэ сарын 14-ний өдөр эхэллээ. ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина болон Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо нар оролцжээ.

ДАШТ-ыг нээж үг хэлсэн В.Путин тэмцээнд оролцож буй бүх багт амжилт хүсчээ. Европ тивдээ хамгийн томдоо ордог нийт 81,000 хүний багтаамжтай уг цэнгэлдэх хүрээлэнд дүүрэн хүн цугласан байлаа.

Нээлтийн ёслолын ажиллагааг алдарт дуучин Робби Уиллиамс нээж, "Let me entertain you", "Feel " зэрэг дуунуудаа дуулснаас гадна Татарсны гавьяат жүжигчин, дуурийн дуучин Аида Гарифуллинагийн хамт "Angel" дуугаа толилуулсан нь нэн сонирхолтой байв.

 Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолт зохион байгуулагч ОХУ болон Саудын Арабын үндэсний шигшээ багийн хооронд болж  багуудын тоглолт 5:0 харьцаатай ОХУ-ын багын  хожлоор  өндөрлөсөн юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>