Монголд террорист байгууллага байгаа юм уу
Учир нь энэ хэрэг явдалтай холбогдуулан Анкара дахь Монгол улсын элчин сайдыг Туркийн гадаад хэргийн яаманд дуудаж, "Монголын эрх баригчдын уг асуудалд хандаж буй хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгаа”-г илэрхийлсэн гэдгийг тус улсын Гадаад хэргийн ажилтан мэдэгджээ. Түүний хэлсэн энэ үгнийн өнгө илэрхийлийг анзаарах юм бол "Та нар дуулгавартай байсангүй” гэсэнтэй адил мэдрэгдэхээр байна. Тиймээ, монголчууд энэ асуудал дээр өөрийнхөөрөө, хууль журмынхаа хүрээнд л байсан. Өөрөөр хэлбэл хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс гэдгээ харуулсан бөгөөд энэ алхмаараа өөрийн гэсэн хууль журамтай тусгаар улс гэдгээ итгэл төгс илэрхийлсэн.
Турк сургуулийн захирлыг өнгөрөгч сарын 27-ны баасан гарагийн өглөө гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан, мөн тэр үеэр "Чингис хаан” олон улсын нисэх буудалд Туркийн "дипломат” гэсэн тодотголтой онгоц газардсан нь санаандгүй давхцал биш байсан гэдэг нь тодорхой. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд "Тэр бол Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газарт бүртгэлтэй, дипломат шугамаар дамжин өнгөрөх хүсэлттэй, дипломат паспорттай нисгэгч экипажтай онгоц байсан” гэжээ.
Туркийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой гэгч Монголд террорист байгууллага байгаа хэмээн дэлхий нийтэд зарлачихлаа. Монголын эрх баригчид энэ алан хядан байгууллагатай тэмцэхгүй, бүр дэмжиж байна гэсэн санааг илэрхийллээ. Энэ үнэн үү. Монголын нэр хүнд, дэлхий нийтийн үнэлэмжийн асуудал учраас үүнд их анхааралтай, хариуцлагатай хандмаар байна
Мөн экипажийн багаас гадна дөрвөн хүн тэр онгоцонд байсан бөгөөд тэд чухам хэн гэдэг, ямар учиртай хүмүүс болох нь тодорхойгүй үлджээ.
Одоо асуудал энэ үйл явдлыг, энэ үеэрх Монголын байр суурийг тойрон хөвөрч байна. Тухайн өдөр буюу Баасан гарагт Туркийн хэвлэл, цахим сайтууд Монголд болж буй үйл явдлын талаар "Туркийн эрх баригчид Монголын тагнуулын байгууллагын оролцоотойгоор Вэйсел Акчайг баривчилж Туркт авчрах гэсэн боловч бүтэлгүйтлээ” гэж мэдээлсэн ч төд удалгүй устгасан байсан гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. Тухайн өдөр Туркийн элчин сайд "Турк улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдаагүй. Ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагааг Монголын газар нутаг дээр зохион байгуулаагүй” гэсэн мэдээллийг мөн өгсөн. Ер нь хэн ч байлаа гэсэн ингэж л хэлнэ л дээ.
Турк сургуулийн захирал Монголын хууль журам зөрчөөгүй, түүнийг баривчлах ямар ч шалтгаан Монголын талд байгаагүй нь тов тодорхой. Түүнийг баривчлах улмаар Анкарад аваачих хүсэл сонирхол хэнийх вэ гэдэг нь бас тодорхой зүйл. Энэ тухайд нийтлэлч Баабар цахим хуудсаараа жиргэж, Туркийн өмнөх элчин сайд дуудаж "Монгол дахь турк сургуулиудыг хаах, улмаар Вэйсел Акчайг баривчилж Туркэд хүргэхэд дэмжлэг үзүүлбэл багагүй мөнгө өгнө” хэмээн санал болгож байсныг нийтэд дэлгэсэн билээ. Хэрэг явдлын дүр зураг энэ мэтээр тодорч эхэлж буй.
Энэ долоо хоногийн Даваа гарагийн орой Туркийн гадаад хэргийн яам Монголын нутаг дэвсгэрт хүн хулгайлахыг оролдсон гэх мэдээллийг эрс няцаасан мэдэгдэл хийжээ.

Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой хэвлэлийн хурал дээр хэлэхдээ "Баасан гарагт Монголд болсон үйл явдлыг хүн хулгайлах оролдлого мэтээр мэдээлсэнд бид гүнээ харамсаж байна. Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд үүнийг бид эрс няцааж байна” гэсэн мэдээллийг хийжээ. Мөн тэрбээр "ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн террорист бүтэц юм" гэж онцолжээ.
Энэ үеэрээ "Монголд оршиж байгаа террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсооход Монголын эрх баригчид шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт бид найдаж байна” гэж анхааруулжээ. Ийнхүү Туркийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой гэгч Монголд террорист байгууллага байгаа хэмээн дэлхий нийтэд зарлачихлаа. Монголын эрх баригчид энэ алан хядан байгууллагатай тэмцэхгүй, бүр дэмжиж байна гэсэн далд санаа явж байна. Энэ үнэн үү. Монголын нэр хүнд, дэлхий нийтийн үнэлэмжийн асуудал учраас үүнд их анхааралтай хариуцлагатай хандмаар байна. Терроризм бол дэлхий нийтийн айдас, хэрэв терроризмыг дэмждэг бол олон улсын хоригоос эхлээд ирэх сөрөг хандлага их. Адаглаад жуулчид Монголыг зүглэхгүй, хөрөнгө оруулалт бүр ч холуур тойрно.
Гадны орны нэг түшмэл хэвлэл мэдээллийнхний өмнө Монгол улсыг ингэж зарлах нь хэвийн зүйл үү. Аль эсвэл үнэхээр тийм алан хядах байгууллага Монголд оршиж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлээд байгаа юм уу. Үүнд манай эрх баригчид, Гадаад харилцааны яамныхан тодорхой хариуот өгөх учиртай байх.
Туркийн одоогийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган АНУ-д амьдарч байгаа лалын номлогч Фетхулла Гюлен хоёрын хоорондын зөрчил бол тэдний асуудал. Аль ч талаас нь харсан Монгол Улсад огтхон падлийгүй. Энэ зөрчилдөөнд Монголын нэр хавчуулагдах нь ямар учир шалтгаантай вэ..
Вэйсел Акчайн асуудалд Монгол Улс өөрийн хууль журам, үзэл баримтлалынхаа хүрээнд л хандсан. Үүний төлөө Монголыг худал мэдээлэл тараалаа хэмээн буруутгаж, Монголд "байхгүй" террорист байгууллагын ажиллагааг таслан зогсоо гэж гэж шаардах нь хэр үндэстэй вэ.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/26fd4b33c



