Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэг ч дээвэр нурсан гэх шалтгаанаар хүүхдүүдээ өөр өөр цэцэрлэг рүү хуваарилж байгаа юм байна. Бүхэл бүтэн 62 жил болсон барилга хэзээ мөдгүй толгой дээрээс нураад орж ирэхээр болсон учраас ийнхүү арга хэмжээ авах нь нэг талаасаа зөв. Ийнхүү 300 гаруй хүүхэд өөр цэцэрлэгт суралцахаар боллоо. Гэвч өнгөрсөн жил тус цэцэрлэгт хандивын мөнгө өгч байж орсон харьяаллын бус хүүхдүүд нь өнөөдөр очих газаргүй, хандах хүнгүй болчихоод байна. Энэ талаар эцэг эхчүүд гомдоллож, цахим сүлжээнд л хий дэмий бухимдлаа илэрхийлцгээх аж.
Ер нь зөвхөн 25-р цэцэрлэг гэлтгүй нийслэлийн бараг ихэнх цэцэрлэг хандиваар харьяалалтай, харьяалалгүй хүүхдүүд авдаг. Хандивын үнэ ханшийг сонирхвол 300 мянгаас 1 сая төгрөгийн хооронд байх аж. Хотын захын цэцэрлэгүүдийн ханш 300-500 мянгатай байдаг бол төвөөр 800 мянгаас 1 сая төгрөгт хүрдэг гэнэ.
Мэдээж хувийн цэцэрлэгт сар бүр их хэмжээний төлбөр төлж чадахгүйгээс хойш нэг удаагаа ийм хэмжээний хандив нэртэй хахууль өгчихвөл улсын цэцэрлэгт санаа зоволтгүй дөрвөн жил суралцаж болно гэж эцэг эхчүүд тооцоолж, ийнхүү авлигыг "өөгшүүлдэг". Гэвч тэрхүү хахууль нь харьяаллын бус хүүхдүүдэд бүтэн дөрвөн жил суралцах баталгаа болж чадахгүй байгааг дээрх цэцэрлэгийн жишээ харуулж байна.
Харин одоо нэгэнт өгдгөө өгөөд, авдгаа аваад бүртгээд сургасан энэ хүүхдүүд хаачих вэ. Томчуудын "хандив, хахууль" гээчийг мэдэхгүй хөөрхий хүүхдүүд найзуудтайгаа уулзах 9 сарын 1-нийг хоног тоолон хүлээж суугаа биз ээ.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12354



