90 мянган шил хүүхдийн ибупрофенийг зах зээлээс татав
Хүүхдийн өвчин намдаах зориулалттай эмэнд бохирдлын шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор эргүүлэн татжээ. Тодруулбал, АНУ-ын "Food and Drug Administration" (FDA) байгууллага "Taro Pharmaceuticals" компанийн үйлдвэрлэсэн 90 мянган ширхэг хүүхдийн ибупрофен буюу "Ibuprofen Oral Suspension" уусмалыг эргүүлэн татсаныг мэдэгдлээ. Жимсний амттай уг шингэн эмийг 2-11 насны хүүхдийн халуун бууруулах, өвдөлт намдаахад өргөн хэрэглэгддэг.
"FDA"-ийн мэдээлснээр, хэрэглэгчид бүтээгдэхүүн дотор “гель хэлбэрийн бөөгнөрөл болон хар өнгийн жижиг хэсгүүд” илэрсэн талаар гомдол гаргасан. Улмаар энэ сарын эхээр эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Гэсэн ч тус байгууллагаас бохирдол нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах магадлал “маш бага” гэж дүгнэжээ. Уг эмийг Энэтхэгт байрлах "Strides Pharma Inc." компани үйлдвэрлэсэн бөгөөд тус компани АНУ болон бусад оронд зориулсан ерөнхий (generic) болон жоргүй олгодог эм үйлдвэрлэдэг. Эргүүлэн татах ажиллагааг "Strides Pharma" санаачилсан байна.
Одоогоор "Taro Pharmaceuticals" болон "Strides Pharma" компаниуд энэ асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Зохицуулагч байгууллагууд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байна.




