"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилжээ

901

 

"ДЦС-4" ТӨХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ТАВАН САРЫН өмнө томилжээ

 

 

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт "ДЦС-4” ТӨХК-д техникийн саатал гарсны улмаас нийслэл бүхэлдээ цахилгаангүй болсон билээ. Салбарын сайд Ц.Даваасүрэн иргэдийг 10 гаруй цаг цахилгаангүй болж, аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хохирол амсахад хүргэсэн энэхүү сааталд хариуцлагагүй цахилгаанчныг буруутгаад өнгөрөхийг оролдов.

Ослоос үүдэлтэйгээр "ДЦС-4”-ийг хоёр генераторт гэмтэл гарсан байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, тус станцын техник хэрэгсэл хоцрогдож, ОХУ-аас зээл аван дөрвөн генератор засварлах ажлаа хийж байтал ийнхүү осол гарчээ. "ДЦС-4”-ийн удирдлагын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа нь осол гэмтэл гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлснийг эрчим хүчний салбарын зарим ажилтнууд онцолж буй юм. Тус компанийн захирлаар ажиллаж байсан С.Анхбаярт холбогдох хэрэг эцэслэгдээгүй, шүүхийн шатанд яваа аж.

Салбарын сайдын санал болгосноор "ДЦС-4"-т захирлын үүрэг гүйцэтгэгч томилсон байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тайлбарласнаар, энэ оны нэгдүгээр сарын 8-нд "ДЦС-4” ТӨХК-ийн турбинд гарсан гэмтэлтэй холбогдуулан Эрчим хүчний сайд 2018 оны нэгдүгээр сарын 25-нд гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай а/137 дугаар албан бичиг ирүүлжээ.

Түүний дагуу ТӨБЗГ-аас хоёрдугаар сарын 7-ны А/387 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал С.Анхбаярт холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, мөн гүйцэтгэх захирал болон холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авсан талаарх мэдээллээ ТӨБЗГ-т хүргүүлэх талаар тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгчээ. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох нь Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн бүрэн эрх бол албан хаагчдад хариуцлага тооцох нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаардаг тул ТӨБЗГ хариуцан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд шүүхээс тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргажээ. Эрчим хүчний сайдын гуравдугаар сарын 20-ны а/940 дүгээр албан бичгээр гүйцэтгэх захирлыг үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус станцын Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадоржийг салбарын сайд нь санал болгосны дагуу томилон ажиллуулах чиглэл "ДЦС-4” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн байна. Тэр цагаас хойш буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны дөрөвдүгээр тогтоолоор А.Бямбадорж нь тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж буй ажээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>