Зээл авчихаад, авсан компаниа минийх биш гэдэг Н.Баяртсайханыг огцруулаач
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хийсэн гэмээ ухамсарласан болж албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болов. Мэдээж, У.Хүрэлсүхийн зүгээс алган боов үзүүлж байж ийм шийдэлд хүрсэн нь үнэн буюу өргөдлөө өгөхийн өмнөх өдөр Ерөнхий сайдын өрөөнд дуудагдаж, шаардуулсан. Тэгвэл ийм ухамсар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд бий эсэхийг харах үлдэх шив. Тэрбээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан нөхдийн нэг. Н.Баяртсайханы хувь эзэмшдэг "Жи Пи Эм” нь ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын нэрс дунд бий. Харин төв банкны "эзэн” бусдын жишгээр гишгэсэн мөрөө далдлах гэж хичээгээстэй. Тодруулбал, Монголбанкнаас мэдэгдэл гаргаж "Монголбанкны Ерөнхийлөгч албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хувь эзэмшдэг компанид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас бага хүүтэй зээл олгуулсан мэтээр огт үндэслэлгүй, худал мэдээ, мэдээлэл тарааж, Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон хараат бус байдал, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгааг Монголбанк хууль бус гэж үзэн буруушааж байна” гэжээ. Улмаар "Жи Пи Эм” ХХК нь Н.Баяртсайхантай хамааралгүй бөгөөд түүний эргэн тойрон дахь хүмүүст ч падлийгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байх юм.
Хачин юм шүү. Огт хамааралгүй компани яахаараа түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт үсэрч очоод шивэгдчихсэн байдаг юм. Бусад нь компаниа нууж мэдүүлээ ч үгүй байхад мань хүн огтын хамааралгүй компанийг өөрийн мэдүүлэгтээ дурьдчихсан л суудаг. Уг нь Авлигатай тэмцэх газрын 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт тэрбээр "Хархираа Импекс” ХХК, "Сан” ХХК, "СиЖиСиО” ХК, "Жи Пи Эм” ХХК, "Нийслэл өргөө” ХХК, "АПУ” ХК, "Говь” ХК, "Женко тур бюро” ХК, "Би Ди Сек” ХК, "Эрдэнэс Таван толгой” ХК-иудаас хувь эзэмшдэг тухай мэдүүлсэн байдаг. Дараа жилээс нь "Хархираа Импекс” ХХК, "Сан” ХХК, "Жи Пи Эм” ХХК, "АПУ” ХК, "Би Ди Сек” ХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК болж цөөрчээ. Гэхдээ өнөөх "Жи Пи Эм” ХХК нь огт хаягдаагүй байгаа юм. АТГ-т мэдүүлсэн хамгийн сүүлийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь ч бий. Тийн атал хамааралгүй гэж мэлзэж суугаа нь валютын үнийн савалгаа удахгүй намжина гэх мэхлэлттэй нь яг адилхан байгаа юм.

Жилийн 93900.00 мянган төгрөгийн орлоготой түүнд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь санамсаргүй үйлдэл биз. Чухамдаа хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэгчээр УИХ дахь хэд нь зээл авч давалгаалахаар нь өөртөө хамаагүй компаниар авчихсан ч юм шиг. Эсвэл цаанаас нь хүчээр өгсөн байх өө. Түүнээс биш шатахууны үнэ, өргөн хэрэглээний барааны үнэ, ханшийн савалгаа гээд асуудал мундахгүй байхад зээл ч бас юув, тийм биз Ерөнхий сайд аа.
Гагцхүү нам нь төрийн эрхэнд, бүр хэт олноороо байгаа энэ цагт мань хүн ч дүрмийн дагуу эрх ямба эдлэж суух ёстой. Тиймдээ ч албан тушаалаа авснаас нь хойш ам.доллар чангарч, валютын ханшийн савалгаа үүсчихээд байхад хэн ч түүнтэй хариуцлага тооцсонгүй. Уг нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр төв банк шатахууны үнэ болоод өргөн хэрэглээний барааг зохицуулах боломжтой. Гэвч энэ хөтөлбөрийн үр шимийг хэн хүртэв. Магадгүй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй ижил албан тушаалтнуудын гараар ороод ууршсан бололтой.
Төгрөг цаас болох шахаж, иргэд аргаа барахдаа Төрийн ордныг өглөө бүр автомашинтайгаа гороолохоор болов. Өөрт хамааралгүй компаниар зээл авч мэлздэг хүн огт хамааралгүй иргэдийг "Монголбанкийг тойроогүйгээс хойш маньд хамаагүй” гээд тоож харахгүй ч байж мэдэх байх. Гишүүн Т.Аюурсайханы хэлснээр хамаатан биш ч найз нөхөд болоод тэр үү гишүүдийг, гарынхаа хэдэн сэтгүүлчтэй хооллож, дайлаад өөртөө урвуулдаг юм гэсэн. Тиймдээ ч өөдөөс нь ангайх хүн олдохгүй байгаа юм билээ. Үгүйсэн бол У.Хүрэлсүх хэдийнэ өрөөндөө дуудаад хариуцлага нэхэн огцрохыг шаардахгүй юу.
Нийгмийн толь



