Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
Нийгмийн хариуцлагын жишиг загварыг бүтээгч Эрдэнэт үйлдвэр ХХК, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бодлогын хүрээнд Орхон аймгийн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилт хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр бүхий л хэлбэрээр орон нутгийн үйл ажиллагаанд дэмжлэг өгч байгаагийн томоохон хэсэг нь жижиг дунд үйлдвэрлэгчид рүү хандсан худалдан авалтын бодлого юм. Орхон аймгийн үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх, тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримталж буй нь бизнес эрхлэгчдэд таатай нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн 11 үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан 7,7 тэрбум төгрөгийн, 2017 онд 13 аж ахуйн нэгжээс 11,5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ. Тэгвэл 2018 оны 9 сарын байдлаар уг үзүүлэлт 1,5 хувиар өссөн дүнтэй байна. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй энэхүү хамтын ажиллагааны үйл явц, гарч буй ахиц дэвшил болон хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлоо солилцох зорилготой уулзалтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санаачлан зохион байгуулдаг. Харин хоёр дахь удаагийн уулзалт өнөөдөр болов.






