Бондын мөнгөнөөс хумсалсан нөхдүүдийг хэзээ ил болгох вэ
Өнгөрсөн баасан гарагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудад "Чингис”, "Самурай” бондуудын эргэн төлөлтөд ажлын хэсэг гаргаж, шалгалт оруулахаар зэхэж буйгаа дуулгасан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд олон нийтийн зүгээс "элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхийн тулд бондын мөнгөнөөс завшсан эрхмүүдийг яаралтай баривчилж, улсыг хохиролгүй болго, MAH, АН гэж алагчлалгүй цагаан, захтнуудын хэргийг илрүүлэх хэрэгтэй” хэмээж байв. Тэгвэл шинэхэн дарга маань ажлаа авсан даруйдаа олон жил яригдсан бондын мөнгийг эцэслэж буруутай этгээдүүдийг зарлах бололтой.
Угтаа бол "Чингис” бондын таван жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2018 онд, 10 жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2023 онд хийж дуусгах ёстой бөгөөд эцсийн төлбөрийг хийж дуусгах хүртэл Монгол Улс таван жилийн хугацаатай бондын хүүнд жил бүр 20 сая 625 мянган ам.долларын хүү төлөх бол, 10 жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 51 сая 250 мянган ам.доллар төлөх ёстойг албаныхан дуулгаж байв.
Өөрөөр хэлбэл, "Чингис” бондын эцсийн төлбөрийг хийж дуустал тав болон 10 жилийн хугацаатай бондын хүүд нийтдээ 615 сая 625 мянган ам.доллар төлөх тооцоо гарч байгаа аж. Энэ бүх мөнгийг 10 жилийн хугацаанд, жилд хоёр удаа төлж барагдуулах ёстой. Ингэхдээ жил бүрийн зургаадугаар болон арванхоёрдугаар сард бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлж байхаар болсон билээ.
Угтаа бол дээрх бондын мөнгийг Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийн суурь болох том төслүүдэд зарцуулна гэсэн байгаа. Тухайлбал, "Чингис” бонд 1.5 тэрбум ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, эдүгээ 520 тэрбум төгрөг үлдээд байгаа талаарх мэдээлэл бий.
Тэгвэл өнөөдрийн байдлаар "Чингис” бондын мөнгөөр дараах төслүүдийг санхүүжүүлжээ. Тодруулбал, "Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, "Авто зам”-ын төсөлд 570 тэрбум төгрөг, "Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар, "Таван толгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, "Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, ”Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, ”Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхүүжилтийг олгосон юм.
Одоогоор ил болсон нь дээрх мэдээлэлүүд бөгөөд зарим нэг бондын мөнгөний зарцуулалт нууцлалын зэрэгт орсон байв. Тэгвэл маргаашнаас эхлэн ЗГХЭГ-ын Ажлын хэсгийнхэн УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум төгрөгийг хэзээ, ямар төсөл хэрэгжүүлэхээр авсныг шалгаж бодит мэдээллийг олон нийтэд ил болгож Монгол Улс хэдэн төгрөгийн өртэй үлдэж байна вэ гэх асуултын хариулт тун удахгүй ил болох нээ.



