Зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монголын тэнгэр дор нөхөрлөв

Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өчигдөр боллоо.
Энхийг дэмжих ажиллагааны энэхүү олон улсын сургууль анх 2003 онд АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан хээрийн сургуулиар гараагаа эхлүүлж байв.
Ийнхүү өнгөрсөн 16 жилийн хугацаанд 53 орны нийт 16 мянга гаруй цэргийн алба хаагч хамруулсан бүс нутгийн томоохон сургууль болон өргөжөөд байна. Энэ жилийн хувьд Израил, Руанда, Бенин, Замби, Йордан, Молдав зэрэг орон анх удаа ажиглагч, сургагч багш оролцогчийн хувиар оролцов. Израил улс өөрсдийн зардлаар оролцсон нь тус сургуулийн ач холбогдол ямар өргөн цар хүрээнд болж буйг харуулж байна.



Олон улсын бэлтгэл сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалтад зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монгол орны тэнгэр доор нөхөрлөснийг албаныхан тодотгож байв.
Хаалтын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, гадаад орноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага гадаад дотоодын хүндэт зочид, цэргийн атташе нар, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.





Ж.Болор



