Популистуудын ялалт ба Аргентин улс хоёрдахь Венесуэль болох магадлал
Зуун жилийн өмнө Аргентин улс дэлхийн хамгийн баян чинээлэг 10 улсын тоонд ордог байлаа. Гэвч хагас зуун жилийн хугацаанд 14 удаа эдийн засгийн хямралд өртсөн энэ улсыг эдийн засгийн сурах бичгүүдэд бүтэлгүйтлийн жишээ болгон дурддаг болсоор удаж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд Аргентин улс энэ муу ёрын тойргоос гарах гэж бүхий л чадлаараа оролдож байгаа боловч олон удаагийн шинэчлэл нь ард иргэдийг залхаан туйлдуулжээ. Ингээд аргентинчууд хуучиндаа эргэж орохоор шийдсэн нь Латин Америкт бүхэлд нь асуудал бэрхшээл үүсгэж байгаа тухай ВВС агентлагийн эдийн засгийн тоймч А.Калмыков дүгнэн бичсэнийг товчлон орчууллаа.

Ерөнхийлөгч Макри эдийн засгийн шинэчлэл хийх замаар "3 жил тансаглаад 2 жил өлсдөг байдлыг хална” гэж сонгогчиддоо амлаад, өөрчлөлт хийхэд тэсвэр тэвчээр, шийдэмгий байдал, аз хийморь хэрэгтэй гэж уриалж байсан юм. Гэвч аргентинчуудад энэ гурвын аль нь ч байсангүй.


Фернандес ирээдүйн эдийн засгийн бодлогынхоо талаар тодорхой яриагүй боловч түүний ерөнхий дүр зургийг гаргаад байна. Эдийн засгийн өнөөгийн загварыг халж, ОУВС-тай байгуулсан гэрээгээ эргэн харах, нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ тарифийг өсгөхгүй байх, үнэ ба бизнесийг зохицуулах, Төв банкны бодлогын хүүг бууруулах, Европын Холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны гэрээгээ эргэн харж засах нь тодорхой болжээ.
Дэлхийн банкны эдийн засагчдын үзэж байгаагаар, архаг хямралын үндсэн шалтгаанууд нь засаглалын сул тогтолцоо, ялангуяа Аргентины холбооны улсын улс төрийн тогтолцооны онцлогууд, түүнчлэн амьдралын өмнөх хэв маягаа хадгалж үлдэх хүсэлтэй хүн амын дундаж давхаргынхны хэрэглээтэй холбоотой ажээ.

Улс төрийн бодлого зүүн тийш дахиад эргэсэн нь дөнгөж хэрэгжиж эхэлж буй бүтцийн шинэчлэлийг дуусгана гэсэн найдварыг үгүй хийж байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд тус улс нэг туйлаас нөгөө рүү ханаран савласаар ирлээ. Худалдааг дэмжихийн тулд хилээ нээж, тэгснээ гэнэт хааж, мөн өмч хувьчлалыг өргөн далайцтай хийж байснаа 10 жилийн дараа өмчийг буцаагаад нийгэмчилж, валютын ханшийг барьж байснаа гэнэт сул тавьж байв. Өнгөрсөн хугацаанд татварын хууль тогтоомж нь 80 удаа, төсвийн бодлого нь 16 удаа өөрчлөгдсөн байх жишээтэй.



