Хятад иргэд жуулчны визийн хөнгөлөлтийг ашигласан байжээ
Хуулийн байгууллагынхан өчигдөр шөнө Монголд байсан 750 гаруй Хятад иргэнийг илрүүлэв. Хятад иргэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютерээр "зэвсэглэсэн” байж. Мөн тэднийг толгойлж байсан гурван хятад, нэг монгол иргэнийг "Шангри-Ла” зочид буудлаас баривчилжээ. "Кентавр”, "Ориентал”, "Юнион бюлдинг”, "Амар” зочид буудлуудад байсан хятад иргэд мөрийтэй тоглоомоор мөнгө угааж байсан гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагын удирдлагууд өгч байна. Ямартай ч хуулийн байгууллагууд дээрх хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгөний эх үүсвэр, гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн луйвар, залилан, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бололтой.
Хамгийн ноцтой нь хятад иргэдийн ихэнх нь буюу 500 гаруй нь жуулчлалын визээр орж ирсэн бөгөөд манай улс жуулчдыг татах нэрийдлээр визний нөхцлөө хөнгөвчилснийг ийнхүү овжин ашигласан бололтой.
Зочид буудлуудад ч хариуцлага ярина. "Кентавр”, "Ориентал”, "Юнион бюлдинг”, "Амар” гэсэн зочид буудлууд бий. Иргэдийг нутаг буцаана. Цаашдаа хяналт шалгалт үргэлжилж нэмж илрүүлэх ажиллагааг явуулна.



