Бүсээ чангалах зургаан жил эхэллээ
Шинэ он солигдоход ганцхан сарын хугацаа үлдлээ. Салбар бүрт хийж бүтээсэн болон төлөвлөсөн ажлуудаа тайлагнан баярлан цэнгэдэг жилийн сүүлийн сар эхэллээ. Гэвч оны төгсгөл дэх статистик мэдээллүүд тийм ч таатай уур амьсгалтай биш байна. Өөрөөр хэлбэл, 2020 он улс орны эдийн засгийн хувьд эрсдэлтэй, уналттай жилүүдийн эхлэл болох нь тодорхой боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад, дотоод худалдаа, өр зээлийн статистик мэдээллүүдээс харахад ирэх жилүүдэд бид бүсээ чангалахаас аргагүй байдалд хүрэх нь ойлгомжтой байна. Томоохон бондуудын өр төлбөрийг 2021 оноос төлж эхлэх гэж байхад импортын наймхан сарын хэрэгцээг хангах гадаад валютын нөөцтэй байгаа. Энэ нь өрийн хэмжээтэйгээ харьцуулахад асар бага нөөц гэдгийг эдийн засагчид хэлсээр байна. Дээрээс нь хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталчихаад сууж байгаа. Төсвийн орлогоо 11.7 их наяд төгрөгөөр тооцоолсон мөртлөө 13.8 их наяд төгрөгийн зардал гаргах төсвийг их хурал баталсан. Ирэх оны тавдугаар сард дуусах ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, долдугаар сард дуусах Хятадын Ардын банктай байгуулсан "Своп” гэрээ, дээрээс нь улс төрийн сонгууль гээд эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлэх олон үйл явдал биднийг хүлээж байна. Зөвхөн 2020 он биш эдийн засгийн ээдрээтэй нөхцөл 2025 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
42 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон 2019 оны төлөвлөгөө биелэхгүй нь тодорхой болж байна. Гэтэл 2020 онд мөн 42 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн.
2020 оноос эхлэх эдийн засгийн хямралд зөвхөн манай улс биш дэлхий нийтээр өртөх төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна. Үүнд хамгийн том нөлөөг БНХАУ үзүүлэх бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байгааг гадны шинжээчид дүгнэсэн байна.



