Баабар : Гэрийн авгайгаас төрийн авгай

1965 онд ЗХУКН-ын удирдагчдын нэг Г.Воронов* Монголд айлчлахдаа орос эхнэрийн талаар Цэдэнбалтай эвтэйхэн ярилцах Брежневийн даалгавартай иржээ. Эргэж ирсэн хойноо энэ тухайгаа ТХ-ны нарийн бичгийн дарга байсан Андроповт мэдээлэхэд цаадах нь уурлан “Тусгаар улсын дотоод хэрэгт орж удирдагчийнх нь эхнэрийг доромжлох эрх чамд хэн олгосон юм бэ? Брежнев үү?”[ii] гэсэн байна.
Жоу Эньлай 1960 онд Монголд айдчлаад буцахдаа хувийн бэлэг хэмээн олон ноосон цамц тэр үеийн нам-засгийн удирдагч, сайд дарга нарт өгөөрэй гэж үлдээжээ.. Тэдгээрийг гэр гэрт нь хуваарилах гэтэл Филатова бүгдийг нь хамж аваад Москва руу илгээж, тэнд өөрийн талын хүмүүсээр 100 хятад ноосон цамц заруулжээ. Нам-засгийн удирдагчийн орос гэргий панз үсэргэж дамын наймаа хийлээ гэсэн матаас Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас Улаанбаатарт МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын хянан шалгах хороонд иржээ.
1966 онд Брежнев Монголд айлчлахдаа Филатовад хувийн утасны дугаараа өгч хэрэг гарвал дуртай цагтаа утасдаж байгаарай гэжээ. Тэгээд Монголд суух элчин сайд А.И.Смирновт* хандан “Анастасия Ивановнаг харж хандаж яваарай” гэж захижээ. Элчин зөвлөх Макареев “Она дочка Россий, можеть многое делать” (Орос орны энэ охин ихийг бүтээж болох юм) гэжээ.[v]
Филатова нэг удаа Майдарын эхнэрийн хамт Парис орохоор боллоо. Тэд франц хэлний хэлмэрч дагуулан виз авахаар Москвад очжээ. Мэдээж КГБ тосон авлаа. Тэднийг Парист очиход харгис хүчнийхэн эсэргүүцлийн том жагсаал хийх гээд бэлдэж байна. Энэ нь хувийн аюулгүй байдал болон улс хоорондын харилцаанд тун харш нөлөөлнө гэж хоёр авгайг ятган зогсоожээ[ix].
Филатова нөхрөө дагаж гадаадад айлчлахаас гадна бие даасан айлчлал ч хийдэг байлаа. Тэрээр Унгарт дангаараа айлчилж явахдаа эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзан монголчуудын ахуй амьдрал, зан заншлын тухай ярихдаа “монголчууд махыг түүхийгээр нь иддэг” гэж сонирхуулсан нь Унгарын сонин хэвлэлд нийтлэгдэж олны хачирхлыг төрүүлж байв[xi].
Цэдэнбалын хоёр хүү хэзээ ч Монголын иргэн байгаагүй. Харин хүүхдүүд нь Москвад ажилгүй байхад нь ЭЗХТЗ-д Монголын нэрээр ажиллуулж хууль бусаар Монголын дипломат паспорт түр бичин хэрэглүүлж байжээ. Сүүлд нь Оросын талд шилжин ажиллахад нь хууль бус паспортыг нь хурааж авсан байж таараа.



