“Лобби”-чин 76
"Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг. Байнгын ажиллагаатай парламентыг нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байхаар 1992 оны үндсэн хуулиар хуульчлан баталжээ. УИХ хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаагаа байнгын хороодоор дамжуулан хэрэгжүүлдэг бол парламентад суудалтай намууд бүлэг, зөвлөл байгуулан ажилладаг. Сүүлийн жилүүдэд эмэгтэй гишүүд бүлэг байгуулан нийгмийн бодлогын асуудалд хамтарч ажиллах болсон. Харин энэ удаагийн УИХ "Лобби бүлэг”-ийн тоогоор түүхэнд бичигдэх боллоо. Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах лобби бүлэг байгуулснаа орон нутгаас сонгогдсон гишүүд зарласан. Залгуулаад Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, Ардын эрүүл мэндийг дэмжих гэхчлэн лобби бүлгүүд мэндлэв. Харин лобби хийхийн эсрэг хяналт тавих нэг ч бүлэг байгуулагдсангүй.
Намын бүлэг дээрээ байр сууриа нэгтгэж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцүүлж баталдаг. Тэгвэл тогтсон горим эвдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогчдын итгэлийг өвөртлөн гарч ирсэн УИХ-ын гишүүд нь ямар нэгэн лобби хийхгүйгээр ажиллаж чадахгүй нь. Харин тус тусдаа жижиг бүлэг болж засаглахаар улайрч байна. Гэхдээ "лобби бүлэг”-үүд тийм амжилттай байсан түүх үгүй.



