Цахим гэмт хэргийн улмаас 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Хөл хорионоос үүдэн хүмүүс онлайн буюу цахим дэлгүүрийг сонгон үйлчлүүлэхийг эрмэлзэж байна. Гэвч баталгаат хүнийг сонгон захиалгаа өгч чадаагүйгээс үүдэн мөнгөө залилуулах, чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авах гэсэн эрсдэл бий болж байгааг мэргэжилтнүүд байнга анхааруулсаар ирсэн. Гэвч хүмүүсийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилагчдын арга заль мөн нэмэгджээ. Тухайлбал, цахимаар бараа захиалахдаа утасны дугаараа сэтгэгдэл хэсэгт олон нийтэд нээлттэй үлдээх нь хакеруудад томоохон "олз” болдог байна. Учир нь энэ нь таны банкны данс, gmail хаяг болон бусад нууц мэдээлэл рүү утасны дугаараар тань дамжуулан нэвтрэх, хакердах үндэс болдог аж. Мөн интернет кафе болон бусдын компюьтерээр дамжуулан интернет банк руугаа нэвтэрсэн тохиолдолд үүнийгээ хаах шаардлагатай. Учир нь энэ дараагийн хүн нэвтэрч, гүйлгээг үргэлжлүүлэх эрсдэл болдог гэдгийг өчигдөр болсон "Цахим орчин дахь залилах гэмт хэрэг” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд анхааруулсан юм.
Пирамид тогтолцооны аргаар 2017-2020 онд 27 тэрбум төгрөгийн хор хохирол иргэдэд учирчээ. Энэ мөнгө бүгд хил даван гарч, гадаад руу шилжсэн байна. Цахим гэмт хэргийн улмаас иргэдэд энэ оны эхний долоон сарын байдлаар 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.



