Сургуулиудын зохицуулалт сурагчдад тэгш боломж олгохгүй байна
Хоёр жил цахимаар үргэлжилсэн ЕБС-ийн хичээл есдүгээр сарын 1-нээс танхим, цахим хосолсон байдлаар орох болсон. Гэсэн хэдий ч халдварын эрсдэл буураагүй, амны хаалтгүй зөрөхөд л халдварлах чадвартай дельта хувилбар тархаад буй тайвчирч болохгүй цаг үе. Дэлхийд танхимын хичээлээ хамгийн удаан хугацаагаар хаасан улсаар тодорч халдвар бүртгэгдээгүй байхад хичээл сургуулиа зогсоосон манай улсын боловсролын салбар дахин нэг жил "хаягдах” магадлалтай байна. Учир нь БШУЯ-наас танхим, цахимаар долоо хоног ээлжлэх буюу 5/9-ийн зарчимаар хичээллэх зохицуулалт хийсэн. Мөн ЕБС-ийн бага анги, цэцэрлэгт халдварын нэг л тохиолдол илэрвэл цахимд шилжүүлж байгаа. Шинэ хичээлийн жил эхэлснээс хойш 10 хоногийн хугацаанд 245 сургуулийн 1592 бүлэг цахимд шилжсэн. Энэ нь 43351 хүүхэд гэрээсээ цахимаар хичээллэж байна гэсэн үг юм. Цахимд шилжсэн сургуулийн 64 сургууль, 13240 суралцагч нь Улаанбаатар хотынх байгааг БШУЯ-наас мэдээлсэн.
Өрхийн интернэт ашиглалтын байдал Улаанбаатарт 89 хувьтай байгаа бол орон нутагт 58 хувь байв. Мөн Улаанбаатарт судалгаанд хамрагдсан сурагчдын 86 хувь нь ухаалаг гар утас хэрэглэн хичээлдээ оролцох боломжтой байгаа бол орон нутагт 62 хувьтай байсныг судалгаагаар гаргасан.



