АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?
Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын задрах явц ялагдлынх нь гол шалтгаан болсоор ирэв. Өчигдөр л гэхэд АН хоёр гишүүнээ, тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг УИХ дахь бүлгээсээ хөөж байгаагаа бүлгийн дарга Д.Ганбат нь мэдэгдсэн. Энэ шийдвэрийн бэх нь хатаагүй байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар хариу мэдэгдэл хийн Д.Ганбат гишүүнийг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж, түүний оронд бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилсноо зарлав. Тэдний хэлж буй үндэслэл нь "УИХ-ын тухай хуульд тухайн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Түүнээс бүлгийн дарга болоод хэн нэгэн зарласнаар гишүүдийг бүлгээс гаргадаггүй” гэв. Тэгэхээр бүлгийн дарга Д.Ганбатын өмнө нь хөөх шийдвэр гаргасан бие даагч Н.Алтанхуяг, АН-ын хуучин гишүүнчлэлээ сэргээж орж ирсэн С.Ганбаатар нар ч АН-ын бүлгээс гараагүй бололтой. Хэрэв гарсан гэж үзвэл тэдэн дээр нэмээд нэг гишүүн хөөхөд л тус нам УИХ-д бүлэггүй болохоор байгаа юм. Үүнийгээ тайлбарлаж байгаа нь бас сонин. Ирэх сарын 5-нд болох АН-ын "Эв нэгдлийн их хурал” угтсан зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганбат ч, Л.Цогтгэрэл ч хэлж буй. Үүнд эрх баригч нам нөлөөлж байгаа, учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах өлсгөлөн зарласан гишүүдийн гарын үсгээр Д.Ганбат нар наймаалцаж гурван сайдын суудал авах гэж байсан. Энэ бичигт нэр бүхий хоёр гишүүн гарын үсгээ зураагүй учраас хөөгдөхдөө тулсан гэхчлэн бусад руу буруугаа чихэхээ ч бас мартсангүй. Үүнийг өөр өнцгөөс тайлбарлаж байгаа нь ч бас байна. Тэр нь юу вэ гэвэл, хөөгдсөн нэртэй намаасаа гарч МАН-ын ивээлд багтан АТГ дээрх хэргээ хаалгах сонирхолтой нөхдүүд ч бий гэлцэнэ.
Ардчилсан намынхны 1990 онд хэлж, шаардаж байсан зүйлүүд зөв байсан гэдэгтэй өнөөдөр хэн ч санал нийлнэ. Харин түүнийгээ хэрэгжүүлэх шатанд алдаа гаргасантай нь маргах нэг ч хүн гарахгүй байх. Нэг үгээр хэлбэл, тухайн үед хувьчлал хийж цөөнх баяжсан бөгөөд өдгөө тэр л цөөнх АН-ын толгойд бүх эрх мэдлийг атгахын төлөө "алалцаж” байгаа юм.



