Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ийн талаар авах арга хэмжээний тухай төслийг өргөн барилаа
“МОН-П1”, “МОН-П2” зээлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг Улсын Их Хурал баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ханшаар 131 тэрбум төгрөг байна.
Тогтоолын төсөл гурван заалттай бөгөөд дээрх зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг Монгол Улс болон ОХУ-ын зүгээс тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.





