Эс хүссэн ч МАН зүтгүүлнэ

301

Эс хүссэн ч МАН зүтгүүлнэ

 

МАН-ын XXX Их хурал ирэх долоо хоногт болно. Энэ тухайгаа генсек Д.Амарбаясгалан нь хэлж, мөн намын даргаа  баталгаажуулна гэдгээ ч ойлгуулсан. Сонгох бус баталгаажуулна гэдэг нь МАН-ынхан одоогийн үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэхээр тохирсон гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнэ саяхан "Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье. Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үед дэлхий дахин зүгээр байсан. Өнөөдөр бид дэлхий дахин хөгжингүй орнуудтай хамт сорилтод орж байна. Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй.” гэж байсан.

Үнэхээр ч өнөөгийн Засгийн газрын шийдэл, шийдвэр, үйлдэл бүр нь эрсдэл дагуулах эсэх нь тодорхойгүй нөхцөлтэй байсаар хоёр дахь жилтэйгээ золгох нь.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөнөөс иргэдээ, эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалж үлдэхийн тулд цөөнгүй арга хэмжээ авсны ачаар айл, өрхүүд идэх хоол, өмсөх хувцастайгаа, илүүчлэн хадгалах цалинтайгаа байна.

Мэдээж тэр нь "ажил хийвэл ам тосдоно" гэдэгчлэн Засгийн газрын яриад байдаг эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэг гарч буй нь энэ. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 360 мянган ажлын байрыг тогтвортойгоор авч үлдсэн. Дэлхий нийт цар тахалд "дарлуулж” байхад монголчууд цахилгаан, ус, дулаанаа төрөөр даалгаж бас ч үгүй ажлын байртайгаа байна гэдэг бусдаас арай өөрөөр сэтгэж бас хэрэгжүүлж чадсаных нь л юм даа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээрхтэй адил сонин шийдлүүдийг гаргахдаа "ИРЭЭДҮЙД” гэдэг тайлбар ч юм уу, чимэг зүүлт хэлдэг. Түүнийгээ өмнөх Засгийн газрын үед батлагдсан "Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрт багтсан хэмээн тайлбарладаг. Тэдгээрийн нэг нь "Цахим Монгол” болно гэж "том” дуугарсан явдал. Мэдээж энэ асуудлаас болж Засгийн газрыг багагүй баалсан, муулсан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр энэ Цахим Монголыг гардан хийгчид нь Засгийн газрыг доргитол хэл ам татлуулдаг нь ч үнэн. Гэхдээ эгээ л "явсан нохой яс зууна” гэдэг шиг Цахим Монгол болох гээд байгаа нь эхнээсээ анзаарагдаад, хэрэглээнд нэвтрээд ам сайтай болж л явна. Тухайлбал, аливаа иргэний бүртгэлтэй холбоотой лавлагаа бүр цаашлаад газар эзэмших, өмчлөх зэргийг ч гэрээсээ шийдвэрлэх боломжтой болчихлоо. Тэгэхээр ирээдүйд ихээхэн хэрэгтэй хөтөлбөр болж, өгөөж нь өдөр тутам иргэдэд мэдрэгдэх нь ээ.

Энэ мэтчилэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг өөлбөл өө ихтэй. Яах вэ дараа нь хэлээ хазаж, амаа алгадахаас наахнуур болох үе хэнбугайд ч бий. Өнгөрсөн хавар л гэхэд коронавуирсын эсрэг вакцин хийх гэлээ хэмээн бухимдагсад хэчнээн олон байлаа.

Харин одоо бол хоёр тундаа хамрагдсан иргэд гурав дахь тундаа хамрагдах шаардлагатайг мэдэж, ойлгочхоод байна. Цаашид ч гурав дахь тунд эрчимтэй хамрагдахгүй бол коронавирусын мутацлагдсан хувилбарууд дэлхий нийтийг түгшээн, тэд хилээ хаацгаах боллоо. Монголчууд харин айх аюулыг сөрөхгүй ч сэргийлж чадсан нь олзуурхууштай биш гэж үү.

Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн дээр хэлсэн үгтэй холбоотойгоор ганц Монгол Улс биш, дэлхий нийтээр хямарч, сорилттой тулгарсан энэ цаг үед МАН-ынхан Засгийн газрыг ч тогтвортой байлгахыг хүсэх болжээ. Тэгээд ч мань хүн цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд гарсан шийдвэрийг нь эсэргүүцэгчдийн галыг өөртөө авч, кабинетын сайд нараа хамгаалсаар ирснийг намынхан нь эв нэгдлээ хангахад ихээхэн хэрэгтэй гэж үзэн, итгэл хүлээлгэж буй бололтой.

https://erennews.mn/article/51387

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>