Э.Бат-Үүл: Би ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Трактортой цуглаан хүчээ авна гэдгээс айсан олигархиуд гэр хорооллынхныг нүүлгэн шилжүүлж, хашааны газрыг нь авах санаархлаа зогсоосон ч гэр хорооллынхныг зүгээр орхиогүй. Тэд 2006 онд хашааны газрынх нь үнэ цэнийг унагааж үнэгүйдүүлэн авах шинэ арга руу шилжсэн юм.
Би албан тушаалаа ашиглан хүүдээ ямар ч давуу эрх олгоогүй. "Грандлайн” компани дахин төлөвлөлтийн бусад 17 компанитай адил тэнцүү эрх эдэлж байсан. Харин ч улстөрийн дайралтаас болоод төслөө зогсооход хүрсэн юм. Миний хүү гэр хорооллынхныг сайхан амьдруулах гэсэн аавынхаа мөрөөдлийг дэмжиж яваад өнөөдөр улс төрийн золиос болсон шүү!
Гэр хорооллын иргэд ээ! Гэхдээ та нар минь битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Олигархиудад бүү хууртаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой!




