Ипотекийн зээлээ хойшлуулсан зээлдэгч дахин хүсэлт гаргах шаардлагагүй
УИХ-ын нэгдсэн чуулганы 2021 оны отгон хуралдаанаар цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгасан. Хуулийн хугацааг сунгасан тул төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг дахин зургаан сараар буюу энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ 2021 оныг дуустал зээлээ хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах, харин шинээр хүсэлт гаргах зээлдэгчдийн хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар болсон. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ энэ сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэрээр эсвэл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулж болно.
Энэхүү арга хэмжээнд жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана. Өмнө нь зээлээ хойшлуулсан зээлдэгчдийн хувьд хүсэлт гаргах шаардлагагүй, харин шинээр хойшлуулах иргэд хүсэлтээ гаргах ёстой.



