Хөгжлийн банкны хэрэг: Идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү?!
Хамгийн гол нь эдгээр олон тэрбумын “зээл”-үүд нь эргэн төлөлт байхгүй, зориулалтын бусаар зарцуулсан байх магадлал өндөр зэрэг гэмт хэргийн шинжийг агуулсанд байгаа юм. Тиймээс “Оросыг маажвал татар” гэдэг шиг компаниудыг захаас нь жаахан төнхөхөд л улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээдүүд гарч ирж байна.
Ер нь тэгээд жилийн наймхан хувийн хүүтэй зээлээс татгалзах бизнесмэн байх уу. Боломж байвал авах нь тодорхой бус уу. Яахав, Фейсбүүкийн Марк Цукерберг, “Амазон”-ы Жак Ма нарынх шиг бизнест зээл хэрэггүй байж магадгүй. Монголд бол зээлгүй бизнес боломжгүй. Тиймээс энэ туйлшрал дунд хэлмэгдэл гарах магадлал өндөр байна. Үүнийг учир мэдэх олон хүн хэлж байна л даа.
Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн нартай яагаад ч юм хариуцлага ярьдаггүй нь анхаарал татаад байгаа юм.




