Улаанбаатарыг тойрсон оршуулгын газрыг цэгцэлье
"Нийслэлийг тойрсон оршуулгын газруудыг цэгцэлье” хэмээн төр, хувийн хэвшил, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, иргэд, хэвлэл, мэдээллийнхний зүгээс байнга асуудал дэвшүүлж ирсэн. Олон жил яригдаж, хотын үе үеийн дарга нар ч сэдэв хөндөж байсан ч хэрэгжиж байсангүй. Өнгөрсөн онд Нийслэлийн захирагчийн алба, Засгийн газрын төсөл, төлөвлөгөөнд нийслэлийн салхин дээр, хотын хойморт, гэр хороололтой залгаа оршдог Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, 10 га газарт нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан. Тэгвэл энэ нь зөвхөн ганц асуудал бус олон талтай цогц сэдвийн хүрээнд ярьж шийдэх учиртай том ажил учраас оршуулгын зан үйлийн үйлчилгээ эрхэлдэг бүх талын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нэгтгэж байна. Энэ үеэр Монгол Улс цахим улс болж байгаатай холбогдуулан нас барагсдыг хүн амын бүртгэлээс хасдаг байдлыг өөрчилж, аль оршуулгын газарт, ямар хэлбэрээр оршуулсан мэдээллийг байршуулдаг болох, халдварт өвчин, хорт хавдраар нас барсан хүмүүсийг газарт оршоох бус чандарладаг байх хуулийн зохицуулалттай болох, оршуулгын зан үйлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг нэг чиглэлтэй болгон бүртгэл, хяналт, хариуцлагыг чанаржуулж, тусгай зөвшөөрөлтэй болгох зэрэг чухал саналуудыг дэвшүүллээ.



