Шүүмжлэл, шинэчлэл бол дэвшилд хүргэх түгээмэл арга
Хүн, хүмүүс, ард түмэн аль нь ч гэсэн гагцхүү таньсан зүйл, ойлгосон мэдлэгтээ түшиглэн байж л үр дүнтэй үйл ажиллагаа өрнүүлдэг. Орчин тойрноосоо бэлэн хүлээж авсан, эсвээс өөрөө өөртөө (онолоор, практикаар) буй болгосон аль нэгэн хэмжээний мэдлэггүйгээр байгаа зүйлийг бүрэн үндэслэлтэй шүүмжлэх, шинэ нөхцөл, шинэ цаг үед тааруулж шинэчлэх, шинэчилсэн зүйлээ цаашид тасралтгүй боловсронгуй болгох аргагүй юм. Ингэхлээр орчин үеийн нийгмийн хөгжлийн үндсэн нөхцөл нь шинэ мэдлэг, түүний үрээр үүсдэг бүтээлч шүүмжлэл, шүүмжлэлийн дагуу хийгдэх шинэчлэл, уг шинэчлэлийн өөрийн нь тасралтгүй төгөлдөржил эдгээр болно. Энэ бол нийгмийг тасралтгүй хөгжүүлэхэд ашиглагдах ёстой уламжлалт технологи мөн. Эл технологийг сахиж чадах аваас л нийгэм өөрийн хүчээр хөгжиж, дэвшиж байх болно.
Хөгжил, дэвшилд саад болж буй сөрөг үзэгдлүүдтэй тэмцэл хийдэггүй хэрнээ ардчилсан нэр, хаягтай төр засаг бол ард түмнийхээ эсрэг талд, эсрэг фронтод зогсож буй улс төрийн хүч гэж ойлгогддог. Иймээс ард түмэн түүнийг үзэн ядаж, яаж, хэрхэн унагаах арга хайж эхэлдэг жамтай. Өөр гарц ер үгүй тохиолдолд ээлжит хувьсгалт хүчирхийлэл байраа эзлэх нь ч олонтой. Ардчиллыг хамгаалах, сэргээх, дахин тогтоох, түүнийг заналт дайснуудаас нь бүрэн чөлөөлөх, цэвэрлэх зорилгоор хийгдэж буй хувьсгал, хүчирхийллийг зөвтгөхөөс өөр аргагүй юм.
Бүтээлч шүүмжлэл, чөлөөт мэтгэлцээн, нээлттэй хэлэлцүүлэг, ашиг хожоо горилохгүйгээр нийгмээ, орчноо өөд нь татахыг хүсэгчдийн яриа, сурталчилгаа бол яалт ч үгүй ардчиллын эрүүл уур амьсгал, амин чухал хэрэгцээ юм.



