Эх орноо, ард түмнээ гэх чин сэтгэлтэй улс төрийн нам, хүчин төрөх болов уу?
Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж сонгодог, УИХ-д олонхи, цөөнх болдог, удирдах бүлэглэлээсээ Засгийн Газруудыг байгуулдаг МАН, АН хоёроор 32 жил удирдуулаад эцэст нь Монгол улс дампуурснаа зарлахад хүрлээ. Энэ хооронд Монголыг маань Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, сайд нар, Их Хурлын гишүүд (найман сонгуулийн), засаг дарга нар нийлсэн нэг мянга гаруй "шилдэг тэргүүний ?" хүмүүс удирджээ. Яаж ч тордоод сэхдэггүй улс, үндэстэн болчихлоо гэж үү? 14 дүрийн Далай ламаар удирдуулаад ч тусгаар тогтнолоо хамгаалж чадаагүй Төвдүүдийн араас орж ч мэдэхнээ!
Нэг нь "Ардын", нөгөө нь "Ардчилсан" гэх яруу сайхан тодотголтой энэ хоёр нам л удирдах, зохион байгуулах, бүх баялгийг эзэн мэдэж зарцуулах хэмжээгүй эрхтэй байсан шүү дээ. Өөр нэг үр дүн нь хоёр намын удирдлагад байсан хүмүүс бараг бүгдээрээ тэрбумтан болцгоолоо. Ингэхлээр энэ хоёр нам Монгол Улс, Монголчуудынхаа төлөө биш зөвхөн л өөрсдийнхөө төлөө ажиллаж, өөрсдөө л баяжиж олигархиуд болжээ.
Энэ их өр, зээлийг, улс орон дампуурснаа зарлахад хүрээд байгааг эрх барьж байсан хоёр намтай холбохгүй бол хэнтэй холбох юм бэ? Гадаад, дотоодын ямар ч судлаач ингэж хэлнэ, тэгж л асууна биз дээ? Ард түмэн, сонгогчид ч "Яг тийм” гэж хариулах байх, өөр хувилбар, өөр хариулт байх боломжгүй юм. Дүр эсгэсэн ардчиллын нөхцөлд төрийн, улс төрийн бүх байгууллага, нэгж бараг бүгдээрээ шахам хулхи, хуурамч болдог юм байна. Бүгд л аман дээрээ популистууд, яг ажил дээрээ бол авилга авагсад, ашиг хонжоо горилогсод, амин хувиа л хичээгсэд болцгоодог ажээ.
УИХ, Засгийн Газар, Шүүх засаглал гурвуулаа олигархиудын гар хөл, ар тал болчихжээ. Чөлөөт хэвлэл болон ард түмний хяналт гэж цаана нь бий. Гэвч тэд хүчгүйдсээр, сөхөрч, цөхөрчихөөд байна. Шүүх засаглал, хууль сахиулагчидтай холбоотой хамгийн булай жишээ, баримт өнөөдөр Монголд л байх болжээ. Дуусдаггүй мөрдөн байцаалт, шийдвэрээ гаргадаггүй шүүх хурлууд, авилгын хэрэгт холбогдсон шүүгчид, өмгөөлөгчид, хүний эрхийг ноцтой зөрчсөн цагдаа нар! Энэ бүхний хөлд шударга ёс талхлагджээ.
Намууд улс орон, нийгмээ удирдах нь бүү хэл дотоод амьдралаа ч удирдаж чадахгүй, санхүүгийн үйл ажиллагаагаа ч шилэн болгочихож чадахгүй, нэг л ёозгүй, сэжиг төрөхөөр байдалтай болчихлоо...



