Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
ТЕХРАН. /Anadolu/. Ираны дээд удирдагч Али Хаменеи Иранд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгажээ.
"Эмх замбараагүй байдал, аюулгүй байдлын асуудал бий болгох нь АНУ болон Сионист (Израилын) дэглэмийн төсөл юм. Хилийн чанадаас ирсэн Ираны урвагчид ч энэ төсөлд оролцож байна" гэж Хаменеи хэлснийг "Tasnim” агентлаг эш татан мэдээлсэн байна.
Хижаб буюу толгойн алчуурыг зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар Ёс зүйн цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан 22 настай Махса Амини бүсгүйн үхэлд цагдаа, төр засгийг буруутгасан томоохон жагсаал Иранд есдүгээр сарын 17-ноос хойш үргэлжилж байгаа юм.



