Төрийн байгууллагууд ажилчдын автобустай болъё
Ерөөс монголчуудын хоолойд тулсан асуудал түгжрэлээс өөр юу ч биш боллоо. Эдийн засаг хэцүүдлээ, ажилгүйдэл нэмэгдэж, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэдэг. Энэ бүгд түгжрэлийн дэргэд ёстой л 100 дахь асуудал болж хувирч байх шиг.
Дэгсдүүлж хэлбэл, өнөөдөр монголчууд идэх хоол, өмсөх хувцастай байх эсэхийг бараг л түгжрэл шийдэх нь. Ганцхан бодит жишээ дурдахад, өглөө 08:00 цагт гэрээсээ гарсан иргэд үдийн цайны цагийн дараа ажил дээрээ очиж тал цалингаа хасуулж байна. Энэ янзаараа авсан цалин ч үгүй, ар гэртээ зориулсан цаг ч байхгүй зам дээр амьдарч байгаа нь яг өнөөгийн нийгмийн дүр төрх. Өөрөөр хэлбэл, жилийнхээ 40 хоногийг, өдөрт 4-5 цагийг нийтийн тээвэрт, автомашиндаа өнгөрүүлж байгаа иргэнээс ажлын бүтээмж, сурлагын амжилт нэхэх нь бүрхэг асуудал юм. Энэ мэт нийгмийн суурь хэрэгцээгээ засч сайжруулахгүйгээр улс орны хөгжил цэцэглэлт, аз жаргалтай амьдрал ярих нь утгагүй хэрэг.
Хотын түгжрэлд 420 тэрбумыг төсөвлөөд 1.5 жил буюу 500 гаруй хоносон ч нүдэнд харагдаж, гарт баригдахаар үр дүн үнэндээ тааруу. Түүхэн гэж тодотгоод байгаа 420 тэрбумын задаргааг харвал, газар чөлөөлж зам барихад 75 тэрбум, автобус шинэчлэхэд 77, шинэ цэцэрлэгт 170, хашаа хайс буулган, ногоон байгууламж, зогсоол барихад 31 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч энэ дундаас хамгийн чухал ажил болох нийтийн тээврийн парк шинэчлэл ахиц муутай байна. Шинээр оруулж ирэх 500-600 автобус нь тендерийн маргаантай гацчихсан. Мөн түгжрэл бууруулах төсвөөс сургууль, цэцэрлэг рүү их татсан шүү гэдгийг Ж.Сүхбаатар сайд хэлэв.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл боловсруулах юм. Түүнчлэн нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх, хотын "Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг 2024 он хүртэл олгохгүй байх. Техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болов. Эдгээр бодлогыг шуурхай хэрэгжүүлбэл мэдээж үр дүн гарна. Гэхдээ яг өнөөдөр бол түгжрэлийг бууруулах богино хэмжээний шийдэл нэн шаардлагатай байна. Тэгвэл ойрын үед хэрэгжүүлж болох хоёр шийдэл бий.
Түгжрэлтэй тэмцэх урт хугацааны шийдэл биелэлээ олох хүртэл төрийн байгууллагууд ажилчдаа автобусаар зөөж болно. Өөрөөр хэлбэл, нэг чиглэлийн 20 хүн ажилчдын автобусаар зорчлоо гэхэд тэр хэмжээний машин хөдөлгөөнөөс хасагдана. Энэ мэтээр төрийн байгууллагуудын судалгаа тооцоог гаргавал түгжрэлтэй тэмцэх бодит үр дүн гарч болохоор.



