Засгийн бодлого Д.Загджавт хамаагүй юу, Х.Нямбаатар сайд аа?!
Энэ Засгийн газар Ерөнхий сайдаасаа эхлээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар хариуцлагын талаар байнга ярьдаг. Тооцож ч байх шиг байна. Ер нь бол сахилга хариуцлагын талаар 2021 оны сүүлийн өдрүүдэд батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогод ч туссан. Тэнд "...Монгол төр хүчирхэг, шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой” гэж бий.
Мөн хоёр, гуравхан хоногийн өмнө МЭК судалгааны байгууллагаас танилцуулсан судалгаанд оролцсон иргэдийн 34 хувь нь "...Ерөнхий сайд хариуцлага тооцдог учраас дэмжиж байна” гэж хариулсан байна лээ. Энэ нь өнгөрсөн жил утаагүй түлштэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Н.Уртнасанг, хэд хоногийн өмнө "...Ул” гэж ярьсан ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, өнгөрсөн зун Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл дээр идэвхтэй ажиллаагүй гээд Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг, Засгийн газрын бодлого дагаагүй ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлсөнтэй холбоотой аж.
Тухайлбал, 2014 оны зун УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдоржийг огцруулахыг шаардсан албан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн. Тэрбээр "...Газрын тосны газрын экс дарга А цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа амиа алдсантай холбогдуулан түүнийг огцруулах ёстой” гэж үзсэн. Засгийн газар тэр дагуу хариуцлага тооцож байв.



