Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
Залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох ганц боломж нь ипотекийн зээлд хамрагдах байдаг. Гэвч цар тахлаас үүдэж сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багасаж, зарим банк зээлийн хүсэлт авахгүй байсан. Тэгвэл он гарсаар энэ асуудлууд шийдэгдэж зээл олголт хэвийн болно гэж Монголбанкны зүгээс оны өмнө мэдэгдсэн. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь нь эргэн төлөлтөөс орж ирж дараагийн хүний санхүүжилтийг шийддэг. Гэвч цар тахлаас үүдэж ипотекийн зээлийн төлөлтийг таван удаа хойшлуулсан байдаг. Үүнээс үүдэж зээл гаралт багассан. Цар тахлын хууль 2021 онд дуусаж энэ оноос иргэд зээлээ төлж эхэлсэн. Тэгвэл ипотекийн зээл олголт хэвийн болсон эсэх талаар байр сууриудыг хүргэж байна. 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна. Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг хоёр нэгжээр буулгаж, зургаан хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн зургаан хувийн хүүтэйгээр олгогдох болсон.
Тэгвэл ипотекийн корпорацийн хувьд энэ онд МИК нь банкны олгосон ипотекийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулах ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна.
Зарим арилжааны банкын хувьд оны өмнө ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байсан. Харин одоо бүх банк ипотекийн зээлийн хүсэлт авч байгаа бөгөөд зээл гаралт нь удаашралтай хэвээрээ байна гэж байсан юм.



