Орос-Хятадын харилцаа
Энэ үеэр талууд “Шинэ эриний олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн тухай БНХАУ ОХУ-ын хамтарсан мэдэгдэл’ гаргаж, Ши Жиньпин “БНХАУ ОХУ-ын найрамдалд төгсгөл үгүй, хамтын ажиллагаанд хязгаар үгүй’ гэж хэлсэн юм. Үүнээс 20 хоногийн дараа ОХУ Украинд довтолж дайн эхэлснээр 2022 оны үлдсэн хугацаанд БНХАУ-ын гадаад харилцаа энэхүү үгний барьцаанд оров.
Уулзалтын үеэр В.Путин Украины асуудалд БНХАУ-ын баримталж буй ‘тэнцвэртэй’ байр суурийг өндөр үнэлж, ОХУ-ын талаас ч мөн адил БНХАУ-ын эрх ашгийг дэмжих болно гэсэн юм. В.Путин “ОХУ БНХАУ-ын аль аль нь олон улсын дэг журмыг илүү шударга, зөв зохистой болгохыг дэмждэг, олон улсын харилцааны үлгэр жишээ харилцааг бий болгосон улсууд мөн”[1]гэв.
Үүнээс хамгийн анхаарал татсан нь Украины дайн эхэлснээс хойш Ван И, С.Лавров нарын 3 дугаар сарын 30-ны өдрийн анхны биечилсэн уулзалтын үеэр Ван И “БНХАУ ОХУ-ын харилцаа олон улсын өөрчлөлтийн шинэ сорилтыг даван туулж, урагшлах зөв чиглэлээ хадгалж тууштай хөгжлийн эрч хүчийг харууллаа. Хоёр орон харилцаагаа улам эрчтэй хөгжүүлж, олон салбарт хамтын ажиллагааг ахиулах итгэл улам баталгаажлаа”[2] гэсэн үг байв.
Өмнөд хөршийн судлаачдын хойд хөршийн талаарх шүүмжлэлтэй байр суурь Украины дайн эхэлснээс хойш улам их нэмэгдэв. Юун түрүүн БНХАУ ОХУ-ын хамтын ажиллагааны хязгаарт “зааг татаж”, Украины дайнаас үүдэлтэй үүссэн улс төр, ёс зүйн хариуцлагыг Бээжингээс холдуулж, БНХАУ ч мөн адил энэ дайны хохирогч гэж бичиж байна.
Өмнөд хөршийн судлаачид Хаант Оросоос одоогийн ОХУ хүртлэх хойд хөршийн уналт босолт, өнөөгийн ОХУ-ын гадаад бодлогын амбиц бодит хүчин чадалын зөрүү, ОХУ-ын Украины дайны талбар дээрх чадвар чадамж зэргийг шүүмжилж, Орос улс Украины дайныг эхлүүлэх ёсгүй байсан талаар дурдаж байв. Тэдний үзэж байгаагаар “Украины дайн одоо ямар ч байдлаар төгссөн ОХУ бодит байдал дээр “ялагдсан”.
Энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд 83 улс НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Байнгын гишүүн орны хориг тавих эрхэд хязгаарлалт тавих талаар санал дэвшүүлсэн. Орос Украины дайны нөлөөгөөр НҮБ-ын олон талт аюулгүй байдлын тогтолцооны шинэчлэлийн үйл явц цаашид хурдасна. Энэхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлт нь БНХАУ-д чухал нөлөө үзүүлнэ…
“Хэрэв Москва Украинд ялагдал хүлээвэл ОХУ-ын дотоодод өөрчлөлт гарна, сүүлийн 170 жил Орос гадаадад дайнд ялагдал хүлээвэл дотооддоо бодлогын өөрчлөлт заавал гаргадаг, зарим тохиолдолд хувьсгал ч гарч байсан, Оросын энэ өөрчлөлт хувьсгал үргэлж Хятадад нөлөөлж ирснийг мартаж болохгүй” гэсэн судлаачийн үг анхаарал татав.




