Тайванийн Ерөнхийлөгч АНУ-д айлчилна
Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн Төв Америкийн Гватемал, Белиз улсаар айлчлахдаа АНУ-д албан ёсны бус айлчлал хийнэ гэдгийг Тайванийн Засгийн газраас өчигдөр мэдээллээ. Үүнийг Хятадтай үүссэн зөрчлийг нэмэгдүүлэхээс зайлсхийж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзах гэж байна хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Тодруулбал, Цай Ин Вэн энэ сарын 30-нд Нью Йорк хотод очих юм байна. Дараа нь Лос Анжелес хотоор дамжих урьдчилсан тов гарчээ. Калифорнид байхдаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Мак Картитай уулзана гэж Тайванийн ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлэв.
Цэргийн зэвсэг, хэрэгслийн худалдаа, нисдэг бөмбөлөг гэсэн хэд хэдэн асуудлаас үүдэн АНУ болоод Хятадын харилцаа хурцдаад байгаа билээ. Тиймээс Цай Ин Вэнийн АНУ дахь албан бус айлчлалыг Хятадын Гадаад хэргийн сайд буруутгаж, АНУ болон Тайванийн Засгийн газар хооронд ямар нэгэн хэлэлцээр хийж болохгүйг анхааруулав.
Тэрбээр Германы Боловсролын сайд энэ долоо хоногт Тайваньд айлчлах мэдээллийг ч эрс шүүмжилсэн юм. Герман нь АНУ-тай адил Тайваньтай албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй. Гэсэн ч Хятадын Гадаад хэргийн яам тус айлчлалыг "Нэг Хятад” бодлогод халдсан хэмээн буруутгасан байна. АНУ нь Тайванийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч, гол холбоотон орон юм.



