Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох шийдвэрийг баталжээ

17

Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох шийдвэрийг баталжээ

 

БРЮССЕЛЬ, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /Reuters/. Европын Холбоо /ЕХ/ Оросын эсрэг 20 дахь багц хориг арга хэмжээг болон Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох шийдвэрийг баталлаа. Брюссель энэхүү санхүүжилтийг өнгөрсөн оны 12 дугаар сард олгохоор шийдвэрлэсэн хэдий ч Унгар улс хориг тавиад байсан юм.

 

Харин өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн Унгарын тал Украины нутаг дэвсгэр дээгүүр дайрдаг хэсэг нь эвдрэн сүйдээд байсан "Дружба" хоолойгоор Оросын газрын тосны нийлүүлэлтийг сэргээхийг шаардсан байна. Одоо уг дамжуулах хоолойгоор газрын тос дахин нийлүүлж эхэлжээ.  

 

Лхагва гарагт Кипрт болсон албан бус дээд хэмжээний уулзалтаар (Кипр улс ЕХ-ны Зөвлөлийг даргалж байгаа) Европын орнуудын элчин сайд нар Украинд зээл олгох асуудлаар урьдчилан тохиролцоонд хүрчээ. Баримт бичигт гарын үсэг зурах албан ёсны үйл явц пүрэв гарагт буюу өнөөдөр дуусах ёстой. Мөн энэ өдөр ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчид Кипрт уулзана.

 

“Энэхүү зээлд тавиад байсан хориг саад арилсан нь одоогийн нөхцөл байдалд зөв дохио болж байна. Орос улс дайнаа зогсоох ёстой. Гэхдээ Украинд үзүүлэх дэмжлэг, Орост үзүүлэх шахалт хангалттай их байсан цагт Орост дайныг дуусгах шалтгаан бий болно" гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдээд, ЕХ-ны шийдвэрийг сайшаажээ. “Украин улс Европын Холбоотой өрнүүлж буй харилцаанд  хүлээсэн үүргээ, тэр дундаа "Дружба" хоолойн ажиллагаа гэх зэрэг маргаантай асуудлуудаар үүргээ биелүүлсээр байгаа” гэж тэрбээр нэмж дурдсан байна.

 

Хэрэв Унгар улс бичгээр эсэргүүцэл гаргахгүй бол Украин санхүүжилтийг 24 цагийн дотор авч эхлэх боломжтой гэж Германы Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

 

Энэхүү зээлийг олгосноор 2026 онд дор хаяж 52 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа Украины төсвийг тэнцвэржүүлэхэд дэмжлэг болно. ЕХ-ноос зээл олгоогүй тохиолдолд Киевийн мөнгө зургаадугаар сар гэхэд шавхагдаж эхэлнэ гэж эдийн засагчид таамаглаж байв. ЕХ-ны эдийн засгийн асуудал хариуцсан комиссар Валдис Домбровскис мэдэгдэхдээ, Украин 2026 онд 45 тэрбум евро, 2027 онд дахин 45 тэрбум евро авах ёстой гэжээ.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>