Хэвлэл мэдээлэл ашиглан таны бодлыг хэн удирдаж байна вэ?
1. Анхаарал сарниулах арга
Хамгийн түгээмэл арга бол хүмүүсийн анхаарлыг үнэхээр чухал асуудлаас холдуулах явдал. Улс төр, эдийн засаг, томоохон шийдвэрүүдийн оронд сенсаци, оддын амьдрал, хэрүүл маргаан, тренд контентуудыг тасралтгүй түгээдэг. Өдөр бүр шинэ “шуугиан” гарч ирдэг нь санамсаргүй зүйл биш байж болох юм. Хүмүүс чухал зүйлд төвлөрөхөөсөө илүү түр зуурын мэдээлэлд автагддаг.
2. “Асуудал үүсгээд — шийдэл санал болгох”
Энэ аргыг “problem-reaction-solution” гэж нэрлэдэг. Эхлээд нийгэмд айдас төрүүлэх нөхцөл бий болгоно. Дараа нь хүмүүс өөрсдөө хяналт, хатуу хууль, шинэ дүрэм хүсдэг болно. Жишээлбэл, аюулгүй байдлын айдас хүчтэй болох үед хүмүүс эрх чөлөөгөө хязгаарлуулахыг хүртэл зөвшөөрөх магадлалтай.
3. Бага багаар дасгах стратеги
Хүмүүс том өөрчлөлтийг шууд хүлээж авахгүй. Тиймээс олон шийдвэрийг маш удаан, бага багаар хэрэгжүүлдэг. Өнөөдөр хэвийн мэт санагдаж байгаа зарим зүйлс 10–20 жилийн өмнө хүмүүсийг хүчтэй эсэргүүцэлд хүргэх байсан байж болно.
4. Ирээдүйгээр тайвшруулах
“Одоо хэцүү ч ирээдүйд хэрэгтэй” гэх тайлбар маш түгээмэл ашиглагддаг. Ингэснээр хүмүүс тухайн үеийн асуудлыг түр зуурын зүйл мэт хүлээж авч эхэлдэг.
Өөрөөр хэлбэл, таагүй шийдвэрийг “ирээдүйн төлөө” гэж зөвтгөдөг гэсэн үг.
5. Хүмүүстэй хүүхэд шиг харьцах
Олон сурталчилгаа болон телевизийн контентууд хэт энгийн, хүүхдийн мэт өнгө аястай байдаг. Богино өгүүлбэр, тод өнгө, хэтрүүлсэн эмоци ашиглах нь хүмүүсийг шүүмжлэлгүйгээр мэдээлэл хүлээж авахад хүргэдэг.
Энэ нь ялангуяа сошиал медиад маш хүчтэй ажилладаг арга юм.
6. Бодлоос илүү сэтгэл хөдлөлөөр нөлөөлөх
Айдас, уур, өрөвдөх сэтгэл, баяр баясал зэрэг хүчтэй мэдрэмж нь хүний логик сэтгэлгээг түр хугацаанд “унтраадаг”. Тиймээс мэдээллийн хэрэгслүүд бодит баримтаас илүү сэтгэл хөдөлгөсөн гарчиг, дүр зураг, хөгжмийг ашиглах нь элбэг.
7. Хүмүүсийг мэдлэггүй хэвээр үлдээх
Мэдлэг багатай нийгмийг удирдах илүү амархан байдаг гэж олон онолч үздэг. Технологи, эдийн засаг, сэтгэлзүй, мэдээллийн манипуляцын талаар хүмүүс бага мэдэх тусам тэднийг удирдах боломж нэмэгддэг.
8. Дундаж байдлыг “моод” болгох
Интернэт орчинд утгагүй, бүдүүлэг, хэт хялбар контентууд хамгийн хурдан тархдаг. Үүний үр дүнд хүмүүс урт нийтлэл уншихаас илүү 10 секундийн бичлэг үзэхэд дасдаг болжээ. Энэ нь анхаарал төвлөрөл болон шүүмжлэлтэй сэтгэлгээнд шууд нөлөөлдөг.
9. Хүмүүсийг өөрсдийгөө буруутгахад хүргэх
Нийгмийн асуудлын шалтгааныг системээс бус хувь хүнээс хайлгадаг. “Чи хангалттай хичээгээгүй”, “чи чадваргүй учраас амжилтгүй байна” гэх ойлголт хүчтэй болох тусам хүмүүс эсэргүүцэхээс илүү өөрийгөө буруутгаж эхэлдэг.
10. Хүмүүс өөрийгөө бараг л мэддэггүй
Сүүлийн хэдэн арван жилд биологи, нейросайнс, сэтгэл судлалын хөгжил асар хурдацтай өссөн. Үүний ачаар томоохон системүүд хүмүүсийн зан төлөв, айдас, хүсэл, шийдвэр гаргалтыг урьд өмнөхөөс илүү нарийн судлах болсон. Өнөөдөр алгоритмууд заримдаа биднээс ч илүү бидний сонирхлыг “мэддэг” болсон гэхэд хилсдэхгүй.
https://www.caak.mn/post/view/43861




