Улсын үзлэг явагдаж дууслаа
Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 2015 оны 09 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Архивын ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний төв архивын ажилтнууд болон архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 23 ажлын хэсэг байгуулагдан яам, агентлаг, Улсын их хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа нийт 130 байгууллагад улсын үзлэг явуулж, дүгнэсэн байна.
Улсын үзлэгт хамрагдсан байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын дундаж дүн 90,4 хувьтай гарснаас 82 байгууллага 90-100 /А буюу маш сайн/, 42 байгууллага 80-89 /В буюу сайн/, 3 байгууллага 70-79 /С буюу хангалттай дунд/, 3 байгууллага 60-69 /D буюу дунд/ үнэлгээтэй шалгагджээ. Төв комиссын ажлын хэсгийн гишүүд улсын үзлэг хийх явцдаа холбогдох газруудад тухай бүрт нь шаардлагатай арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллажээ.
2009 оны улсын үзлэгтэй харьцуулбал, 2015 онд хамрагдсан байгууллагын тоо 34-өөр өсч, байгууллагуудын дундаж дүн 0,5 хувиар буурсан байна.
Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд 1970 оноос эхлэн улсын үзлэг явуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1984, 1990 онд үүнээс хойш таван жил тутамд улсын үзлэг явуулсан бөгөөд үүний үр дүнд архив, албан хэрэг хөтлөлтийн ажил улсын хэмжээнд жигд сайжирч ирсэн байна. Энэ удаагийн улсын үзлэгийг төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалын түвшинг тогтоох, холбогдох хууль тогтоомж, норматив, арга зүйн баримт бичгийн хэрэгжилтийг шалгах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох чиглэлээр зохион байгууллаа.
Энэ сарын 25-ны өдөр Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг хийх Төв комисс хуралдан, үзлэгийн дүнг эцсийн байдлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулах юм.