БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрлийг 2021 он хүртэл түр хугацаагаар хориглолоо

938

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/377 тоот тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ /Saposhnikovia divaricate/ устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд түр хориглох шийдвэр гаргалаа. /Тушаалтай танилцахыг хүсвэл http://legalinfo.mn/law/details/11428?lawid=11428 уг линкээр холбогдоно уу./

Дэрэвгэр жиргэрүү нь экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой бөгөөд үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг байна. БОНХАЖЯ-наас тодорхой шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад зохих тооны дагуу зөвшөөрөл олгодог ч иргэд зөвшөөрөлгүй түүх, тогтоосон хэмжээнээс хэтрүүлж, заасан газраас түүгээгүй зэрэг шалтгааны улмаас устах аюулд өртөөд байгаа юм.

Тиймээс холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачидтай зөвшилцсөний үүднээс ийнхүү уг ургамлыг 5 жилийн хугацаагаар эмийн ургамалаар түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон тушаал гаргаад байна.

Латинаар Saposhnikovia divaricata (Turcz.) Schischk буюу Монголоор дэрэвгэр жиргэрүү (гоньд, хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэр, зэгнэ зэргээр ард түмний дунд нэрлэгддэг) гэх энэ ургамал нь шүхэртний овогт хамаарах олон наст ургамал юм. Ерөнхий тархац нутаг нь БНХАУ, ОХУ, Солонгос, Зүүн Сибирь, Манжуур, Монгол.

Манай оронд ургамал газарзүйн Хэнтий, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянган, Хангайн тойргийн зүүн, зүүн хойт хэсэгт, Дундад Халхын тойргийн хойт хэсэгт хээрийн бэсрэг уулс, дов толгодын хайргархаг, чулуурхаг хажуу даган хялгана, гүйлс оролцсон бүлгэмд, мөн тариалангийн атаршсан талбайд ургадаг.

Дэрэвгэр жиргэрүү нь цөөн толгойт каудекс бүхий голлосон үндэстэй, гемокриптопит, олон наст өвслөг ургамал. Голлосон үндэс бүхий уг ургамал нь үндэсний хүзүүвч буюу үндэсний бүдүүрсэн хэсэг болон ишний уг хэсгийн нахианаас шинэ найлзуур үүсч ургадаг. Энэ ургамлын үндсийг 20-40 см хүртэл тасдаж авахад сэргэн ургах нахиа үлдэхгүй учир дахин сэргэж ургадаггүй байна.

Энэхүү ургамлын үндсэнд алкалоид 0.08 хувь хүртэл, флавонт гликозид, сапонин харин газрын дээрх хэсэг буюу навч, ишинд нь кумарин, флавоноид агуулдаг. Үрэнд нь эфирийн тос 0.05мл /100гр хүртэл агуулагддаг. Үндэс нь дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог тул БНХАУ, БНСУ-руу ихээр нийлүүлдэг байна.

-Хүчирхэг үндэсний системтэй учраас хөрсний чийгийн хангамжийг нэмэгдүүлснээр бусад ургамал ургах орчныг бүрдүүлдэг, хөрсийг элэгдлээс хамгаалах, бэхжүүлэх ач холбогдол бүхий ганд тэсвэртэй ургамал тул цөлжилтөөс хамгаалах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй юм.

БОНХАЖЯ, Хэвлэл мэдээллийн алба.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>