БНХАУ-аас авах нэг тэрбумын зээлийг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжлээ.
Уг зээлийг Монгол Улс Эгийн гол усан цахилгаан станц төсөл, мөн зарим аймгийн эрчим хүчний шугам сүлжээг сайжруулахад болон бусад салбарт ашиглахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 800 сая ам.долларыг Эгийн гол усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Тус станц ашиглалтад орсноор Монгол Улсын ОХУ-аас импортлох эрчим хүчний хэрэглээ буурна гэж үзэж байна. Нөхцлийн хувьд зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дээрх зээлийг авснаар Монгол Улсын өрийн тааз өсөх эсэх. Мөн хөнгөлөлттэй нөхцлөөр авсан зээл улсын нийт өрийн хэдэн хувьтай тэнцэж байгаа талаар албаны хүнээс тодрууллаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Энэ нь улсын нийт өрийн 30 хувьтай тэнцэж байгаа аж. Дээрх зээлийг авахад улсын өрийн босгод нөлөөлөх нөлөө багатай. Хуульд зааснаар эрчим хүчний салбарт авах зээл нь Засгийн газрын өрд хамаарахгүй юм байна.
Г.Төмөр