НАМЗХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүйгээ мэдэгдэв

853

Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, хүчээр зүтгүүлж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, бүрэн эрхийн хугацааг нь сунгах, Ерөнхийлөгчийг ард түмнээс бус цөөн тооны эрх мэдэлтнүүдээс сонгодог байх, улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-аас томилдог байх зэрэг хачирхалтай заалт бүхий Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг НАМЗХ-ны залуучууд дэмжихгүй гэдгээ илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд доорх асуудлыг хөнджээ.

  • Монголын ард түмэн нийтээрээ шууд сонгож ирсэн Ерөнхийлөгчийг цөөн тооны эрх мэдэлтнүүд сонгож, улс төрийн "утсан хүүхэлдэй" болгохыг зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүд, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нар  сонгохоор хуулийн төсөлд оруулсан нь Үндсэн хуулийн 3.1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна" гэснийг зөрчиж байна.
  • Улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын гишүүдийн зөвшөөрснөөр томилох саналыг дэмжих боломжгүй.  Харин шүүх эрх мэдлийн хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлсэн аливаа санал санаачилгыг тууштай дэмжинэ.
  • Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж,  УИХ-ын зөвшөөрснөөр томилохоор хуулийн төсөлд тусгасан нь прокурорын байгууллагыг улстөржүүлж,  эрх мэдэлтнүүдийн хараа хяналт,  удирдлага дор оруулах сөрөг нөлөөтэй. Дээр нь төрийн эрх мэдлийн харилцан хяналт,  тэнцвэрийг алдагдуулж болзошгүй. Тиймээс энэ өөрчлөлтийг бид дэмжихгүй.
  • Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн дүгнэлт гаргаж, маргаан хянан шийдвэрлэх үүрэг бүхий Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог байсныг болиулж,  Засгийн газар санал болгосноор томилох өөрчлөлт оруулахаар санаархаж байгааг тууштай эсэргүүцэж байна.
  • Албан тушаал,  хөрөнгө мөнгө хуваарилахаас  бусад цагт эрх баригчдын ирцээ бүрдүүлэхийг хүлээсэн  УИХ-ын чуулганы хоосон танхим харсаар удлаа. Хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүдийн тоо бус , өргөсөн тангарагтаа үнэнч,  мэдлэг боловсролтой,  ёс суртахууны үлгэр дууриалал болсон төрийн түшээдийн идэвхитэй үйл ажиллагаа дутагдаж байна. Иймд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох "мэргэн" саналыг  дэмжих боломжгүй.

Залуучуудын зүгээс улс орны тусгаар тогтнол,  бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөт байдал,  төрийн эрх мэдэл, төр засах ёсны үндсийг хуульчилж өгсөн  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулга явуулах нэрийдлээр яаруу сандруу өөрчлөлт оруулахаар улайрч байгааг буруушааж байгаа юм. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зүйл, заалт бүрээр нь салбарын мэргэжилтнүүдийн санаа, бодлыг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг явуулж олон нийтэд жинхэн учир шалтгааныг нь тайлбарлаж, бодит мэдээлэл хүргэсний дараа Монголын ард түмний санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийвэр гаргахыг шаардаж байгаа ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>