МАН-ын бүлгээс хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэх үүргийг Э.Бат-Үүлд өгчээ

911

Нийслэл төсвөө хэлэлцэж, хотын удирдлагууд төсвийн хөрөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаарх тайлангаа тавьж байна. НИТХ-ын хуралд цөөнхийг бүрдүүлдэг МАН-ын бүлэг Засаг даргад тааруу үнэлгээ тавихаас гадна НИТХ-ын төлөөлөгчид итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй талаар байр сууриа илэрхийлж, төсвийн хөрөнгийг үр дүнгүй, эдийн засгийн тооцоо судалгаагүй зарцуулсан талаар шүүмжиллээ.

 Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс 2 дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн байна. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн "Чингис”, "Самурай” бонд, "Хөгжлийн банк”-ны  1.3 тэрбум орчим ам.доллар  буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх нэрээр эдийн засгийн тооцоо судалгаагүй, үр дүнгүй зарцуулсан гэж сөрөг хүчин дүгнэжээ.

Мөн "Нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэл”-ийг судлан үзэхэд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэртэй уялдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж чадаагүй, 2014 оны төсвийн зарлагыг 2013 оны гүйцэтгэлээс 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж зарцуулсан, Нийслэлийн 562 төсөвт байгууллагын орон тоог 820-оор нэмэгдүүлж 24,860 болгож, шинээр Орон нутгийн өмчит 13 байгууллагыг байгуулж, давхардсан тоогоор 179 улсруу 824 албан хаагч гадаад томилолтын зардалд 2.8 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оныхоос 855.0 сая төгрөгөөр өсчээ мөн дээрх төсөвт байгууллагуудын 298 суудлын автомашин ашигладгаас автомашин унах эрхгүй 79 албан тушаалтан суудлын автомашин хэрэглэж байна. Дээрх  298 автомашины шатахуунд 1.2 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгсэлд 240.0 сая төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалд 48.0 сая төгрөг нийт ашиглалтын зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тайлант онд худалдаж авсан автомашины судалгаанаас авч үзэхэд 4 байгууллага өндөр үнэтэй, шатахуун ихээр зарцуулдаг автомашин худалдаж авсан. Нийслэлийн засаг даргын 2014 оны 05-р сарын 15-ны А/383 дугаар захирамжаар төсөвт байгууллагуудын 2013 оны төсвийн хэмнэлт, орлого давалт үлдэгдэл санхүүжилтийн зохих хэсгийг төсөвт төвлөрүүлэн байгууллагуудын төсвийн, орлогын давалт болох 1.7 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийхээс 49 хоногийн өмнө зарцуулах шийдвэрийг гаргаж хууль зөрчсөн байна. Нийслэлийн төсвийг батлахдаа Төсвийн тухай хуулийн 22.6.1 дэх заалтад заасны дагуу Төсвийн хүрээний мэдэгдлийн шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүй, Төсвийн тухай хуулийн 22.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 244 дугаар тушаалаар батлагдсан "Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 7.6.5 дахь заалтын дагуу төсвийг хөтөлбөр, хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг батлаагүй, татварын орлогыг төлөвлөхдөө өмнөх оны татварын өр авлагыг тооцож нэмж тусгадаггүй, хөрөнгө оруулалтын ажлын хэмнэлт, алдангийг төсвийн орлогод төвлөрүүлдэггүй, Нийслэлийн төсвөөс санхүүжилт авдаггүй, өөрийн үйл ажиллагаагаараа орлогоо бүрдүүлж ажилладаг 38 байгууллагууд 22.9 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан байхад санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж контрактын гэрээний зорилт, түвшингийн орлого, зардлын төлөвлөлт, биелэлтэнд тавих хяналтыг хийгээгүй, удирдлагуудад нь хариуцлага тооцоож ажиллаагүй байна. Мөн урт хугацаат өглөгийн үлдэгдлийг баталгаажуулан, цаашид хэрхэн төлж барагдуулах асуудлыг эрх бүхий байгууллагуудад тавьж Нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүй байхаар шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаагүй байна.

Иймд Төсвийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу дээрх зөрчил дутагдалыг арилган, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний үр ашиг, төсвийн хөрөнгийн зарцуулалтын сахилга батыг дээшлүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоолоор үүрэг өгөх нь зүйтэй гэж НИТХ дахь МАН-ын бүлэг дүгнэж, дүгнэлтийн эх хувийг Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлжээ.

 Г.Лхагваа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>