Ном журмаар нь хийсэнд “Но” тохох гээд байна уу даа

Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсгийн ахлагч нь өөрөө "но”-той байсан бол сэтгүүлчдэд нээлттэйгээр дүнг мэдээлэхгүй байсан нь тодорхой. Ном журмаар нь ажлаа хийсэн хүнд заавал "но” тохох гээд байдаг яачихсан нийгэм бэ, энэ чинь. Хэрэвзээ Л.Энх-Амгалан гишүүн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг зориг гарган мэдээлээгүй бол өнөөдрийн эрх баригчид яагаад ч танилцуулахгүй байсан нь ойлгомжтой. Үүнийг энгийнээр тайлбарлавал, эрх баригчдын булхай луйврыг ард түмэн мэдэхгүй байсан гэж хэлж болно. Мөнхүү тэдний улсаас шамшигдуулсан өчнөөн тэрбум төгрөгийг ард түмэн халааснаасаа гаргаж төлөх байлаа. Ард түмнийхээ талд зогссон нь бурууддаг бол эрх баригчдын булхайг дэлгэсэн Л.Энх-Амгалан гишүүн яалт ч үгүй буруудна. Харин ард түмнийхээ талд зогссон нь зөвддөг бол Л.Энх-Амгалан гишүүн ялах учиртай. Төрөөс хэдэн тэрбумаар нь идэж уусан хүмүүсийг илчилснээрээ тэр өнөөдөр буруудаж явна. Тийм ч учраас түүнийг заавал "но”-той болгох санаа хэн нэгэнд байгаа нь гарцаагүй. Даан ч түүнд ямар ч "но” байгаагүй нь харамсалтай.
Д.СҮХ