Иргэдийн газрыг үл маргах зарчмаар хурааж авах хуулийн эсрэг ширүүхэн дуугарлаа

833
Иргэдийн газрыг үл маргах зарчмаар хурааж авах хуулийн эсрэг ширүүхэн дуугарлаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Ганбаатар нар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 15 тоот дүгнэлттэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долдугаар сард УИХ-аар  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж "Газраа банкинд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулах” агуулгатай заалт оруулсан юм.  Уг хуулийн заалтууд нь иргэн хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тул иргэн Б.Энхбаяр, Янжинхорлоо нар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан ба Цэц гомдлыг хүлээн авч, УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон юм.  Өчигдөр уг дүгнэлтийг  УИХ-аар хэлэлцэх үед олонхи өмнөх байр сууриа хамгаалан Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байхаар нөхцөл байдал үүссэн учир М АН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс уг хуулийн ноцтой үр дагаврын учир шалтгааныг тайлбарлахаар дээрх гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж буйгаа онцоллоо.

УИХ-ын  гишүүн Д.Оюунхорол:

Хэвлэл мэдээллийнхэн ард иргэддээ үнэн зөв бодит мэдээллийг хүргэх үүргээ ухамсарлаж, энэ асуудлаар нэг байр суурьтай, чанга дуугарч өгөхийг юуны өмнө хүсмээр байна. Ард иргэдийнхээ газар  эрх ашгийг зөрчсөн энэ хуулийг баталж болохгүй гэж  МАН-ын бүлэг анхнаасаа эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.

53.4-д "Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.”, 53.5-д "Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.” гэж заасан нь талууд харилцан тохиролцсон гэдгээр халхавчлан газрыг, тэр дундаа хувийн өмчийн газрыг шүүхийн хяналтаас гадуур өмчлөгчийн эрхийг шилжүүлэх боломжийг, тэр дундаа гадаадын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлтэй хуулийн этгээдэд аливаа хязгаарлалтгүйгээр олгож, улмаар "шударга шүүхээр шүүлгэх” иргэний үндсэн эрхийг зөрчин, Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хуулиар баталгаажуулах бус хуулиар эрхийг нь доройтуулсан үйл ажиллагаа болсон байна.

Өнөөдөр ард иргэдийн амьдрал үнэхээр хүнд байна.  Өнөөгийн байдлаар иргэд арилжааны банкинд хашаа, байшин, орон сууцаа барьцаалсан /ипотекийн/ 1,6 их наяд, цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн 2,2 их наяд, нийт 3,8 их наяд төгрөгийн зээлийн өртэй байна. Энэ нь 2012 оны жилийн эцсийн үзүүлэлтээс ипотекийн зээлийн өр 80 хувиар, цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл 2,0 дахин өссөн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд банкуудын найдваргүй зээлийн хэмжээ 500 гаруй тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээл нь 747 тэрбум буюу нийтдээ 1.2 их наяд төгрөг банкнаас гадуур урсаж байна. Өнөөдөр хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө байхгүй боллоо.

Ийм нөхцөлд хүний хамгийн үндсэн өмч болсон газрын асуудалд нийт ард түмний эрх ашгийг зөрчсөн хуулийг Монгол Улсын парламент баталж болохгүй. Газар бол элэгддэггүй, хуучирдаггүй баялаг. Тиймээс энэ асуудалд цөөн хүний эрх ашгийн үүднээс хандаж болохгүй.

"Ус цалгихгүй, газар шилгээхгүй алга дарам газрыг үр хойчдоо үлдээлээ. Эндээс бүү нүүхтүн” гэсэн Чингис хааны хэлсэн үг байдаг.

Гэтэл газар барьцаалсан зээлээс болоод банк, банк бус санхүүгийн байгууллагууд бизнесийн алдагдал, эрсдэлд ороод байгаа гэх ямар ч нарийвчилсан мэдээлэл, тооцоо судалгаагүйгээр эрх баригчид дээрх Үндсэн хууль зөрчсөн нэмэлт өөрчлөлтийг баталсан байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Монголд явагдаж байгаа мөнгө хүүлэлтийг дэмжсэн хуулийг УИХ баталсан. Үндсэн хуулийн цэц иргэдийн гомдлыг хүлээж авсанд үнэхээр их талархаж байна. Хамгийн аюултай иргэн хүний зээлийн барьцаанд тавьсан газрыг ямар ч үл маргах эрхгүйгээр хурааж авах гэж байна. Ядаж гурван шатны шүүхээр явах эрхийг нь үлдээ л дээ.

Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудын бараг ихэнх нь гадаад эзэнтэй, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Иймээс барьцаалсан газрыг банк хурааж авна гэдэг нь гадны иргэний өмчинд шилжих нөхцлийг бүрдүүлж байна. Энд үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана. Анхнаас нь би энэ хуулийг эсэргүүцэж, зэрлэг капитализмыг Монголд бүр их битгий гааруулаач ээ гэж хэлж байсан. Энд Үндсэн хууль ёсоор Монгол Улсад газар өмчлөгч нь 1-рт "Монгол Улсын иргэн”, 2-рт "Монголын төр” байна. Энэ хоёр субъектээс өөр этгээд Монгол Улсын газрыг өөрийн мэдэл, өмчлөлд байлгаж, захиран зарцуулах боломжийг Үндсэн хуулиар олгоогүй.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>