Өрөвдмөөр наслалт буюу АН-д амжилт хүсэж, цэг тавъя!!

681

Улс төрийн өмчирхөл дээд цэгтээ тулсныг Монголчууд тэр тусмаа Улаанбаатарчууд энд тэнд байрлуулсан АСУУСАН, ЗАНДАРСАН зарлалын самбар дээрээс хараад долоо хонолоо.

Тухайлбал: "ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавъяа хэнийх вэ?”, "Гудамж төслийг хэрэгжүүлсэн гавъяа хэнийх вэ?”, "Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавъяа хэнийх вэ?”, "8 хувийн зээлээр 75 мянган өрхийг орон

 

сууцаар хангасан гавъяа хэнийх вэ?” гэх мэтээр агсарсан АН-ынхан чухам юу хийж амжуулсан бэ?

Тэтгэврийн насанд гарах, гавъяаныхаа амралтыг авна гэдэг хүмүүсийн хувьд өнгөрсөнөө шүүн тунгааж, өнгөрсөн түүхээрээ бахархаж амьдрахыг хэлдэг гэдгийг хэн ч хэлнэ. Харин өнөөгийн нийгэмд залуу үедээ зайгаа тавьж өгөх дургүй тэтгэврийн насныхан ажлаа хийсээр..., амьдарсаар...

Гэтэл улстөрийн хувьд дөнгөж 25 нас хүрч яваа АН хийж бүтээсэн гавъяагаа ард иргэдээрээ үнэлүүлэхээр мэрийж эхэллээ. Дэндүү өрөвдмөөр наслалт. Арга ч үгүй биз. 2012 оны сонгуулиар тэд гавъяа байгуулах, нийгэм, ард түмнийхээ амьдралыг өөд нь татна гэж ам өгч, ард түмнийхээ итгэлийг авч гарсан. Гэвч тийм чадваргүй гэдгээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд харуулсандаа харуусаж, улстөрийн тогооноос нэг мөсөн гарахыг хүссэндээ ял, гавъяа хоёроо үнэлүүлэхээр шийдсэн болов уу гэж харах нэгэн байхад зарим хэсэг нь тэдний энэ байдлыг өрөвдөлтэй PR хийж байна хэмээн шүүмжилсээр байна. Тийм ч биз.

Зарим нэгэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хотоор тархсан ард иргэдээ зандарсан, асуусан самбаруудыг тун удахгүй хөдөө орон нутгуудаар байрлуулах сурагтай. Тухайн самбаруудад тус тусад нь муйхар би бээр ард түмний өмнөөс хариулт өгмөөр санагдлаа.  

ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавъяа хэнийх вэ?

ТҮЦ машин байрлуулж иргэдэд ойртсон үйл ажиллагаа хэдий бий болгож чадсан ч ингэж агсам тавих хэрэг байна уу? Гэж өөрсдөөс нь асуумаар... Учир нь уг машинаар үйлчлүүлсэн иргэд 100 хувь сэтгэл хангалуун байгаа юу?

Жишээлбэл: Ирэний үнэмлэхний хуулбар авлаа гэхэд Төрийн болон төрийн бус байгууллагад бүрэн дүүрэн үйлчилж чадаж байгаа бил үү! Миний л мэдэхээр өнгөрсөн хавраас үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн ТҮЦ машинаас хуулбар авсан иргэд банкнуудад үйлчлэхгүй байна гэсэн хэл ам гаргаж байсан. Одоо ч уг асуудал бүрэн шийдэгдээгүй л байгаа. Тэгэхээр иргэдэд ойртсон ч бүрэн дүүрэн шийдвэрлээгүй ажлаараа бахархаад цээж дэлдээд суух хэрэг юун.  

Гудамж төслийг хэрэгжүүлсэн гавъяа хэнийх вэ

Хийсэн зүйлээ өмчлөх дуртай улстөрчдийн хувьд энэхүү "ГУДАМЖ ТӨСӨЛ”-ийг Н.Батбаяр  төслийг өмчлөөд цээжээ дэлдэн сууж байгаа гэдэгтэй мөрийцсэн ч алдахгүй биз. Гэтэл Улаанбаатар хотын гудамж төсөл өнөөдөр бүрэн хэрэгжсэн үү? Бас л асуулт болон хоцорсон зүйл. Гандангийн нэг гудмыг өөрчилж тохижуулсан, Яармагийн гэр хорооллын  гэрэлтүүлгийг хийсэн, мөн түүнчлэн болсон болоогүй усан хөшиг нэртэй гүүрнээс гоожих гоожуур бүр муугаар хэлбэл нийгэмд  гудамныхан гэгдэх БӨБӨ нарт үнэгүй шүршүүр хийж өгсөн ч долоо хоносон бил үү! Хэсэгтээ л сошиал ертөнцөд шуугиж муулсан. Өөр гависан зүйл үгүй л байна.

Ядахдаа гудамж төслөөрөө гэр хороолол болоод хотын төвийн зам дагах явган хүний замдаа хогийн сав байрлуулчихсан бол харин төсөл чинь хэрэгжсэн гэж үзэх байлаа. Гудманд хог хаяхгүй гэхээр нилээд алс хогоо барьж явах хэрэг гарах, зарим замд бүр хогийн сав ч таарахгүй үе тохионо. Ингэхээр гудамж төсөл чинь бүрэн хэрэгжсэн байх нь уу.

 Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавъяа хэнийх вэ?

Зам дагаж хөгжил ирдэг гэдэгчлэн дэд бүтэц тэр тусмаа засмал замаар холбогдсон аймгуудын эдийн засаг болоод хөгжил бусдаасаа арай л дөмөг байдаг нь ч үнэн.

Одоогоор Монгол Улсын 16 аймаг засмал замаар холбогдсон байгаа. Гэхдээ зам тавих сайн хэрэгч, чанарт нь анхаардаггүй нь манайхны нэгэн муу зуршил. Жил болгон л өнөө барисан замдаа дахин хөрөнгө босож засдаг МОДА-той. Ийнхүү төсвөөс хий урссан мөнгө өнөөдөр эдийн засагт ямар их нөлөөлж байгаа билээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт харьяалагдах "Монроуд" ХХК нь Халзанбүргэдэй, Солонготын давааг холбосон 100 км засмал зам одоо хүртэл сураг чимээгүй төсөвгүй гэж гацсан байдаг. Гэвч уг замын төсвийг анх гэрээ хийхдээ л авчихсан. Нэг ёсондооо хийгээгүй ажлынхаа гүйцэтгэлийн мөнгийг улсаас аваад завшчихсан учраас өнөөдөр хүртэл өнөө зам сураг алдарсан хэрэг. Тэгэхээр өнөө зам барьсан гавъяа хэнийх болж таарах уу.

Зам нь гүйцэтгэл муутай, эсвэл төсөв нь салхинд хийссэн мэт алга болчихсон ЗАМ ТӨСӨЛҮҮД хэний гай болох уу? Буцах хаягтай, буух эзэнтэй хөрөнгүүд ч хаачсан нь мэдэгдэхгүй хий хоосон урсаж байгаа нь өнөөгийн эдийн засагт нөлөөлсөөр байна.

8 хувийн зээлээр 75 мянган өрхийг орон сууцаар хангасан гавъяа хэнийх вэ?

"Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд "Гэр хорооллыг барилгажуулах төсөл”-ийг эхлүүлсэн. Байрны мөрөөсөлд автсан иргэдэд бол сайхан боломж байлаа. Тиймдээ байрны зээл НАЙМАН ХУВЬ болсон сургаар олон мянган өрх гэр орноо, хашаа байшин, машинаа тавьж байгаад чанартай, чанаргүй барилгуудыг авахаар урт дараалал үүсгэн банкныхны өмнө бөхөлзсөн. Ёстой л барилга барьсан хувийн хэдэн компаниудыг өөд нь татах ажил болсон.

Шинэ байранд ороод л удаагүй байрны засвар, дээр нь зээлийн хүү гэх ИХ ӨР-ийн дансанд толгойгоо шааж байгаа айл өрх цөөнгүй байгаа.

Анх байртай болоход нь ам.доллар 1600 гаруй төгрөгний үнэлэмжтэй байсан. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд өнөө ам.доллар нь 1990 төгрөгний үнэтэй болж өрөн дээр нь өр болж хувирсан. Ийнхүү өрөн дээр нэмэх нь валют чангарсны улмаас нэмэгдэх өртөг гээд л ӨРӨНД ДАРЛУУЛСАН УЛААНБААТАРЧУУД болж хувирлаа.

Эцэст нь

Дөрвөн жилийн эргэлттэй улстөрийн их сонгуулийн сургаар ард түмнээсээ хариу нэхэж хуурай агсан тавих АН чухам юу хийсэн бэ.

Болсон болоогүй, дутуу гүйцэтгэлтэй төслүүд, сэргэж байсан эдийн засгийг хасах руу унагасан гай л үлдээсэн. Гэтэл хариу нэхэх мэт улайхгүй зүтгэх тэдэнд өнөө итгэх итгэл ард олонд байгаа болов уу?

Үнэндээ энэ суудалд суулгасан ард иргэддээ агсам тавьж суухаар хийж чадаагүй, гүйцэтгэл муу ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч бууж өгсөн нь дээр биз ээ.

Эх сурвалж: www.bolod.mnЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>