Лалын босогчид Афганы дөрвөн мужийг эзэлжээ

934

Лалын босогчид Афганы дөрвөн мужийг эзэлжээ

Террорист "Исламын улс” бүлэгт үнэнчээ илэрхийлсэн нэг мянга 600 орчим лалын босогч Афганистаны зүүн хэсгийн дөрвөн мужийн газар нутгийг эзлэн авлаа хэмээн The Times сонин мэдээлэв. Лалын босогчид Пакистантай хил залгаа нутаг дээр шинэ халифат улс байгуулах зорилготой байгаа хэмээн бичжээ. Хэт даврагчид Афганистаны газар нутаг руу сэмхэн нэвтэрч дараа нь газар нутгийг нь эзлэн авснаа зарлажээ. "Исламын улс” бүлгийнхэн мөн ийм тактикаар ажиллаж байсан билээ. Афганд нэвтэрсэн лалын босогчид энэ ажиллагаанд удаан бэлтгэсэн нь тодорхой байгаа аж. Тэд дөрвөн мужийн газар нутгийг эзэлснээ зарласны дараа Афганистаны томоохон хот болох Желалабад руу хөдөлсөн мэдээ ирж байна. Алан хядагчид энгийн иргэдийг буудаж, тамлан зовоож, цаазалжээ. Мянга орчим афган гэр бүл орон гэрээ орхин зугтаасан хэмээн The Times сонин уламжлав.

"Исламын улс” бүлгийн хамсаатан, сүлбээтнүүд амжилттай давшиж байгаа нь Америк, Их Британийн цэргүүд Афганистаныг орхин гарсан, мөн Афганистан дахь "Талибан” хөдөлгөөнийхэн хоорондоо хагаралдаж хүч нь сарнисантай холбоотой ажээ. "Талибан”, "Аль-Кайда”-тай нягт холбоо сүлбээтэй байсан босогчид "Исламын улс” бүлгийн талд орох болсон байна.

Иракт үүссэн "Ирак болон Левантын лалын улс” буюу "Исламын улс” террорист бүлэг нь бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн, өргөжүүлснээр Сирийн иргэний дайнд ихээхэн амжилт олжээ. Дараа нь Иракт буцан ирж 2014 оны зун маш богино хугацаанд Иракийн хойд хэсгийн үлэмж газар нутгийг эзэлсэн юм. Тэд хэдхэн өдрийн дотор Мосул, Тикрит хотыг эзэлж, цааш давшсаар нийслэл Багдад хотод 100 км ойртож иржээ. Үүний хамтаар Сирийн зарим газар нутгийг эрхшээлдээ оруулсан "Исламын улс” бүлэг Ирак, Сирийн газар нутгийн дамнасан "Лалын халифат” улс байгуулж буйгаа зарласан билээ. Иракт ихээхэн нөлөөтэй "Жебхат ан Нусра” болон бусад цөөнгүй террорист бүлэг "Исламын улс”-тай нягт хамтран ажилладаг.

Гэвч сүүлийн үед Парист болсон аймшигт халдлага, Египетэд алан хядагчдын үйл ажиллагааны золиос болон сүйрсэн Оросын онгоцны хэрэг явдал "Исламын улс” бүлгийн эсрэг олон улсын тэмцлийг идэвхжүүлэхэд хүргэжээ. Франц, ОХУ-ын онгоцууд Сири дахь лалын босогчдын байрлалд цохилт өгсөөр байгаа бол, үүн дээр Их Британи нэмэгдэн орж ирэв. Тэр тусмаа ОХУ-ын сөнөөгч онгоцууд Сири дахь "Исламын улс”-ын байрлалыг бөмбөгдөж эхэлснээс хойш тус улс дахь лалын босогчдын бааз, суурь ихээхэн суларсан хэмээн үзэж байна. Зарим эх сурвалж мэдээлж буйгаар, Оросын цэргүүд Сирийн хойд хэсгээр газраар давшиж лалын босогчидтой байлдаж байгаа ажээ.

Н.Мөнхжин

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>