|
Видео

Шинэ мэдээ

Гадаадад амьдарч буй монголчууд цахимаар нийгмийн даатгалд хамрагдана

Эх орон, элгэн саднаасаа хол суугаа элэг нэгт монголчуудын хувьд өнөөдөр баяртай мэдээ сонссон өдөр болж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банк хамтран гадаадад амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр НДЕГ-ын хурлын танхимд олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

Анх 2006 онд манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулж байжээ. Ингэж хамруулахад улсын нийгмийн даатгалын санд нийтдээ 1 сая гаруй доллар хуримтлуулдаг байна. Харин энэ удаад 38 улсад амьдарч буй 160 гаруй мянган иргэнийг цахимаар нийгмийн даатгалд хамруулахаар тооцжээ. Ингэснээр нийгмийн даатгалын санд 10 гаруй сая доллар хуримтлагдах тооцоо гарсан гэдгийг хурлын үеэр НДЕГ-ын дарга Уртнасан хэлж байлаа. Мөн Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан Төрийн банк нь хамгийн олон харилцагчтай банк, тийм  учраас сүүлийн үеийн дэвшилтэд технолгид суурилсан хялбар, шуурхай, найдвартай цахим банкны үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж ирсэн. Мөн энэ удаа НДЕГ-тай хамтран цахим нийгмийн даатгалын үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ хэмээн хэллээ. Гадаадад амьдарч байгаа Монголчууд энэхүү нийгмийн даатгалд сайн дураараа хамрагдах бөгөөд Төрийн банк дахь дансаараа дамжуулан даатгалаа төлөх аж. Харин данс байхгүй иргэд тухайн амьдарч буй улсынхаа Элчин сайдын яаманд хүсэлт гаргаснаар Төрийн банкинд данс нээлгэж улмаар НДЕГ-ын цахим хаяг/www.ndaatgal.mn вэб сайтад байрлуулсан баннер дээр дарж нэвтэрнэ/-аар бүртгүүлэн даатгалаа төлж болох гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.