Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр

802

Арванхоёрдугаар сарын 10. Энэ өдрийг дэлхийн олон улс орон Хүний эрхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Манай гариг дээр оюун ухаант хүн болж төрсөн  хэн боловч эрхээ эдлэх ёстой гэсэн зарчмын үүднээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн саналаар 1950 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн тэмдэглэж иржээ.

1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей "Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг хэлэлцэж баталсан учраас энэ өдрийг ийн сонгосон гэдэг. Энэ тунхаглал дэлхийн бүх улс орон, ялангуяа НҮБ-ын гишүүн орнуудад хамаарч үйлчилнэ.

Хүн төрөлхтөнд хамгийн их гай гамшиг учруулсан Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан баталсан энэ тунхаглалд хүний наад захын эрхийг тунхаглаж өгсөн байдаг. Өөөрөөр хэлбэл дэлхийн бүх улс орны иргэд хэн нь ч гэсэн улс төр, иргэний, нийгэм, соёл, эдийн засгийн хувьд эрхээ эдлэх ёстой гэжээ.

НҮБ энэ өдрийг жил бүр өөр өөрийн уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2004 онд "Хүний эрхийн салбар дахь боловсрол”, 2005 онд "Тарчлаан зовоохтой тэмцэх нь”, 2008 онд "Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 60 жилийн ойд”, 2013 онд "Таны эрхийн төлөө 20 жилийн тэмцэл” гэсэн уриатай тэмдэглэж байжээ.


-    Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөж эхлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано  Рузвельт хүний үндсэн дөрвөн эрхийг нэрлэсэн байдаг. Энэ бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, хэрэглээний эрх, айдсаас ангид байх эрх гэжээ.

-    Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлахын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хороо 85 удаа хуралдаж, зүйл заалт, үг өгүүлбэр нэг бүрээр 1400 удаа санал хурааж байсан гэдэг. Ингээд 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 183 дахь хуралдаанаар олонхийн саналаар баталсан байна. Санал хураалтад оролцсон 56 орноос 48 нь зөвшөөрсөрч баталсан бол 8 нь түдгэлзсэн санал өгч байжээ.

-    "Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын эхийг канадын иргэн Жон Хампре, АНУ-ын тэргүүн хатагтай Элеоноре Рузвельт нар боловсруулсан гэдэг.

-    Манай улсад Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг  1989 оны хоёрдугаар сарын 9-нд  нам засгийн "Үнэн” сонин анх удаа олон нийтэд зориулан хэвлэсэн ч 20 дугаар зүйлийн 1 дүгээр заалт дахь  "Хүн бүр тайван жагсаал цуглаан хуралд оролцох эрхтэй” гэдгийг нь "Энхтайвны жагсаал цуглаанд оролцох эрхтэй” хэмээн засварлан хэвлэж байжээ.

-    Энэ жилийн Олон улсын хүний эрхийн өдрийг хүний эрхийн салбар дахь хоёр чухал пакт батлагдсаны 50 жилийн ой угтсан нэг жилийн аяныг эхлүүлж байгаа юм байна. Энэ нь Хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний улстөрийн эрхийн тухай олон улсын пакт юм. Олон улсын энэ баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1966 оны арванхоёрдугаар сарын 16-нд баталжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>